Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхүүдэд түлш борлуулахгүй гэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сайжруулсан болон хагас коксон түлш авах “Хотула” аппликэйшныг угаарын хий мэдрэгчтэй холбон, 12 дугаар сарын 15-наас хойш угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Ингэснээр айл өрхүүд угаар мэдрэгчээ асаасны дараа л түлшээ авах нөхцөлд бүрдэх нь байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Иргэд утаа гараагүй байхад дохиолол дуугарч байна гэж андуурч угаар мэдрэгчээ унтрааж болохгүй. Энэ жилээс алсын зайн хяналттай, батерейгаар ажилладаг ухаалаг угаар мэдрэгчийг нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 176 мянган гал түлдэг өрх бүртгэлтэй байна. Үүнээс 131 мянган өрхөд ухаалаг угаар мэдрэгч суурилуулсан. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд тухайн айлуудтай холбогдож, шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж мэдрэгчийг асаах зөвлөмж өгч байгаа. Угаарын хий нь амт, өнгө, үнэргүй тул мэдэгдэхгүйгээр хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Иймээс иргэд өөрийн мэдрэмжээр бус, угаар мэдрэгчийн дохиололд тулгуурлан аюулгүй байдлаа хангах ёстой. Угаар мэдрэгчээ унтраасан айлд түлш борлуулахгүй байх зохицуулалт хийж байна. Энэ нь айл өрхүүдийг хариуцлагажуулж байгаа нэг хэлбэр юм” хэмээн ярилаа.
Түлш хэрэглэгчдэд
үйлчлэх төв айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий
мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Тус төвийн хувьд 500
гэрээт ажилтантай аж. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын өрх бүхий 112 хороо
байдаг бөгөөд нэг хороонд дунджаар дөрвөн гэрээт ажилтан ажилладаг. Угаар
аюултай хэмжээнд хүрсэн айлын мэдээлэл төвийн дэлгэцэд автоматаар гарч ирдэг
бөгөөд энэ дагуу угаарын хий ялгарсан тохиолдол бүрд холбогдож, зөвлөгөө өгдөг
юм байна. Түүнчлэн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух, яндан, пийшингийн
хөөлөх болон засвар үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Ulaanbaatar