БУЛГАН: Үзэсгэлэн худалдаанд 9 сумынхан оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-31 16:38:13

Булган, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Миний Булганы алтан намар-2025” үзэсгэлэн худалдаанд 9 сумын үйлдвэрлэл эрхлэгчид орон нутгийнхаа соёл уламжлал, онцлогийг шингээсэн брэнд бүтээгдэхүүнийг танилцуулан оролцож байна.


Үзэсгэлэнд Хялганат тосгоноос оролцож буй эко түлш, Бүрэгхангай сумын арьс нэхий боловсруулах үйлдвэр, сүргийн сайжруулалтад худалдах суффон хонь, Сэлэнгэ сумаас оролцож буй өндөр ашиг шимт ингэт улаан халзан бүх насны үхэр бух, ангус үүлдрийн үхэр зэрэг иргэд, малчдын нэн шаардлагатай амьд малын болон бэлэн бүтээгдэхүүний худалдаа болж байна.  


Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх "Булганы сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд "Шинэ хөдөө сэргэлт хөтөлбөр, "Үйлдвэрлэлийн сэргэлт" дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулан шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа юм.


Тус хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутгийн өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, малчид, хоршоодын бүтээгдэхүүнийг танилцуулах, борлуулалтыг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой.


Сумдын шинээр брэнд болгох бүтээгдэхүүнийг танилцуулж, хүн амыг хямд үнэ бүхий эрүүл аюулгүй, бүтээгдэхүүнээр хангах, "Булганд үйлдвэрлэв" брэнд бий болгох нь үзэсгэлэн худалдааны гол зорилго ажээ.

 

Миний Булганы алтан намар-2025” үзэсгэлэн худалдааг 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Спортын ордны гадаа талбайн асарт зохион байгуулж байна.


Үзэсгэлэнд малчид, аж ахуйн нэгж, хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, хувь хүн оролцож шилмэл малын үзэсгэлэн худалдаа, адууны үзэсгэлэн худалдаа, амьд мал борлуулах, цагаан идээний худалдаа, төмс, хүнсний ногоо, өрхийн үйлдвэрлэлийн худалдаа, махны жижиглэн худалдаа, малчдынхаа өвөлжилтийн бэлтгэлд зориулан ногоон тэжээл, хивэг, малын долооц зэрэг бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулж, мал мах бэлтгэх хэсэг, лабораториуд ажиллаж  байна.  





























Связанные новости