Э.Занабазар: Хог хаягдлын хэмжээ 8 мянган тн-оор нэмэгдэж байгаа нь хөрс бохирдоход тодорхой хэмжээгээр нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-07 16:07:25

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Төв аймгийн цөлжилтийн нөхцөл байдал, түүний эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Байгаль орчны газрын Цөлжилт, газрын доройтол, Хөрс хамгаалал хариуцсан мэргэжилтэн Э.Занабазартай ярилцлаа.

-2023 онд таниас ярилцлага авах үед аймгийн нийт газар нутгийн 80.3 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэж байсан. Энэ тоо өөрчлөгдсөн болов уу?

-Үгүй ээ. Аймгийн нийт газар нутгийн 80.3 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн дүр зурагтай хэвээр байна. Сүүлийн жилүүдэд манай аймгийн ялангуяа тал хээрийн сумдад хур чийг дутмаг, гандуу, хуурай уур амьсгалын нөлөөгөөр хөрсний доройтол, цөлжилт эрчимтэй явагдсаар байна.


-Цөлжилттэй тэмцэх, түүнийг бууруулах ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 1,2-р үе шатны төлөвлөгөөг аймгийн хэмжээнд боловсруулан батлуулж хэрэгжүүлсэн. “Цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах ажлын хүрээнд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2017-2020 онд 468.5 сая төгрөг батлуулж, хэрэгжилтийг хангаж ажилласан.


2021-2023 онд Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн хэмжээнд 3 зорилт, 17 арга хэмжээтэйгээр төлөвлөгөө боловсруулж, аймгийн Засаг даргын А/230 тоот захирамжаар батлуулсан.


Аймгийн “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах дэд хөтөлбөр”-ийг 2021-2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төлөвлөгөөний хэрэгжилт 74.62 хувьтай дүгнэгдсэн байна.


-Хөрс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ямар ажлууд хийж байгаа вэ?

-1365 өрх 78776, 427 ААН өөрийн болон нийтийн эзэмшлийн газар, хамгаалалтын зурваст 377432 нийт 456208 мод, бут сөөг тарьж, аймгийн ногоон байгууламжийн хэмжээ 58.54 хувиар нэмэгдсэн. 3 суманд 8 га талбай бүхий 5 ногоон зурвас байгуулсан.


Аймгийн хэмжээгээр 36.4 мянган га талбайг хашаажуулан, 236 га талбайн хамгаалалтын зурвасаар 173947 мод бут тарьж, тэг элдэншүүлэг нэвтрүүлсэн.


Уул уурхайн нөхөн сэргээлтийг 2023 онд 599.2 га талбайд хийснээс техникийн, 410.26 га талбайд биологийн 188.94 га талбайд хийсэн байна.


Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авдаг байнгын үйл ажиллагаатай 19 цэгийн 12380 м.кв талбайг хөрсний бохирдлоос сэргийлж, халдваргүйжүүллээ.


“Эко жорлон” төслийн хүрээнд 20 сумын 189 айл өрх стандартад нийцсэн жорлонтой болж, 7 сум 9.5 га талбайд хог хаягдлыг хумих багасгах ажлыг хийж гүйцэтгэлээ.


-Төв аймгийн аль сумд нь илүү цөлжилттэй байгаа вэ? Цөлжилттэй тэмцэхээр хийж буй ажлуудаасаа дэлгэрэнгүй хуваалцвал?

-Аймгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд 27 суманд цөлжилтийн зэрэглэл тогтоох төлөв байдлын нарийвчилсан судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ирсэн. Төлөв байдлын үнэлгээний тайлангаас үзэхэд 27 сумын 17 хувь нь цөлжилт илрээгүй, 32.8 хувь нь сул, 29.2 хувь нь дунд, 14.3 хувь нь хүчтэй, 6.7 хувь нь нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд хамрагдсан байна. Тал хээрийн сумд болох Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Сэргэлэнгийн газар нутагт цөлжилт, газрын доройтлын хувь хэмжээ их байна.   


Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцын томоохон ажлуудаас дурдвал, төв суурин газрын ногоон байгууламж 2023 онд суурь түвшин 206.8, зорилтот түвшин 266 га болж аймгийн хэмжээнд 58,54 га-аар нэмэгдсэн.

 

Угтаалцайдам суманд “Чоно эмбо” ХХК Талын уул багийн төвийн урд 100 метрт 300 хайлаас, “Жаврай үр” ХХК Тээлийн хөндийн талбайд 500 метрт 250 улиас, Сүмбэр сумын иргэн Хатанбаатар Сүмбэр 1-р багийн ногооны талбайд 2400 метрт 800 улиас, Аргалант суманд Жирэм гэх газар иргэн Ганхүү тариалангийн 5 га талбайдаа салхины хаалт болгож ногоон зурваст улиас 500, чацаргана 1000, хайлаас 1000 нийт 2500 мод тарьсан.


Мөн Аргалант сумын Шувуун давааны тариан талбайд “Хос дэрс” ХХК 3 га талбайд улиас 500, чацаргана 1000, хайлаас 250, шар хуайс 250 нийт 2000 мод тарьсан. Нийт 8 га талбайд 4500 мод тарьсан. Газар тариалангийн бүс нутагт тариалангийн талбайн хамгаалалтын ногоон зурвасыг 3 суманд 5850 мод тарьсан.


-Ногоон бүсийг бий болгоход усны шаардлага маш их гардаг. Усжуулалтын асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

-2023 онд улсын төсвийн 150,0 сая төгрөгийн хөрөнгөөр Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант суманд тус бүр 1 нийт 4 худаг гаргасан. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 16 сум 34 инженерийн хийцтэй худаг гаргахаар төлөвлөснөөс 11 суманд 27 худаг гаргасан. Малчид хувийн хөрөнгөөр 16 худаг бэлчээр усжуулалтын чиглэлээр гаргасан. 2023 оны жилийн эцсийн байдлаар улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 31, хувийн хөрөнгөөр 16 бэлчээрийн худаг нийт 47 бэлчээрийн худаг гаргаж 20 бэлчээрийн худгийг засварлаж, нийт 2944 худаг ашиглаж байна. Ингэснээр бэлчээр усжуулалтын түвшин 76,2 хувьд хүрсэн.


Мөн бэлчээр усжуулалтын ажлын Орон нутгийн хөгжлийн сан, малын тоо, толгойн албан татварт төвлөрсөн хөрөнгөөр 17 сум 34 худаг шинээр гаргах ажилд 631.3 сая төгрөгийг төсөвлөн төрийн худалдан авах ажиллагааны цахим мэдээллийн санд оруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна. Мөн 8 сум 14 худгийг засварлахад 66.0 сая төгрөг төсөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгөөр 4 сумын бэлчээрт инженерийн хийцтэй худаг гаргахаар тендерт шалгарсан “Буянт-Ус” ХХК нь бэлтгэл ажил хангаж байна.


-Ногоон байгууламж, ойжуулалтын арчилгаа, усалгааг ямар байгууллагууд хийж байна вэ?

-Аймгийн хэмжээнд сум дундын 3 ойн ангитай. Ойн сангийн 20-иос доошгүй хувийг нутгийн иргэд, нөхөрлөлүүдэд гэрээгээр эзэмшүүлэх ажлын хүрээнд ой бүхий 11 сумын 141 ойн нөхөрлөл байгаагаас 111 нөхөрлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулан 239.2  мянган га ойн санг гэрээгээр эзэмшиж байна.


Тал хээрийн сумдад бэлчээр хамгаалах 55 нөхөрлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 8 сумын 28 мод үржүүлгийн газар тооллого судалгаанд бүрэн хамрагдсан.


-Бэлчээрт муугаар нөлөөлдөг үлийн цагаан оготны тархалт, олшролт нь хэр байгаа вэ? Түүнтэй ямар аргаар тэмцэж байгаа бол?

-Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй хөнөөлт мэрэгчийн тархалт, олшролтын намрын тодотгох судалгааны дүнгээр 15 сумын хэмжээнд нийт 351639.8 мянган га бэлчээрийн талбайн 54.14 хувьд буюу 1913000 мянган га талбайд үлийн цагаан оготно тархсан байсан.


Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бэлчээрийн хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлын хүрээнд 12 сум 162.4 сая төгрөг төсөвлөн төрийн худалдан авах ажиллагааны цахим санд мэдээллэсэн. Энэхүү ажлын хүрээнд хаврын технологит хугацаанд Баянцагаан сум микробиологийн аргаар 5000 га талбайд 20.0 сая төгрөгийн өртгөөр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж ажилласан.


Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 12 сум оготно устгалын ажилд 162,4 сая төгрөгийн төсөв суулгаснаар Баянцагаан, Сүмбэр сумд 5580 га талбайд микро биологийн аргаар,Өндөрширээт, Алтанбулаг суманд 240 ширхэг шувууны суудал, Дэлгэрхаан сум 16 шувууны үүр, Баяндэлгэр суманд 80 үүр тус тус байршуулсан. Аймгийн 7 суманд хөрөнгө төвлөрөөгүйн улмаас оготно устгалын ажил хүлээгдэж байна.


-Аймгийн хөрсний өнөөгийн төлөв байдлыг товч дурдвал?

-Газар тариалангийн нийт талбайн хөрсний 70 хувь нь хүчтэй, 25 хувь нь дунд, 5 хувь нь сул элэгдэлд орж, үржил шимийн үзүүлэлт буурсан байна.


Бэлчээрийн даацын хувьд аймгийн нийт бэлчээрийн талбайн 50 орчим хувьд хөрсний үржил шим алдагдаж, ургамлын төрөл зүйл хумигдаж,  газрыг доройтуулах нөхцөл бүрдсэн байдалтай байна.


Газрын нэгдмэл сангийн ангиллаар нийт 535549.94 га газарт буюу 7.22 хувь хөрсний элэгдэл, газрын доройтолд орсон байна.


Тариалангийн газрын хохирол, доройтлыг салхи, усны эвдрэлд орсон, үржил шимийн бууралттай, мэрэгчид хортон шавьжид нэрвэгдсэн, онц аюултай хог ургамалд нэрвэгдсэн гэсэн тодорхой үзүүлэлтээр гаргахад аймгийн хэмжээнд 19737.54 га тариалангийн газар хохиролд өртжээ.


Үүнээс мэрэгчид, хортон шавжид нэрвэгдсэн талбай 17497.4 га, үржил шим бууралттай 220.9 га, салхины эвдрэлд орсон талбай 143.69 га, усны эвдрэлд орсон 1525.75 га, онц аюултай хог ургамалд нэрвэгдсэн 349.8 га газар хохирсон байна.


Жил ирэх тутам аймгийн хэмжээнд хог хаягдлын хэмжээ 8 мянган тн-оор нэмэгдэж байгаа нь хөрс бохирдоход тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Связанные новости