ОРХОН: “Токкацу” арга зүйг боловсролын салбарт ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-11 12:11:27

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Япон улсад 11 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд хүүхэд хүмүүжлийн “Токкацу” арга зүйн талаар туршлага судлаад иржээ. 


Орхон аймаг сүүлийн гурван жилд “Токкацу” арга зүйг сургалтын хөтөлбөртөө ашиглаж байгаа бөгөөд 318 багш энэ хөтөлбөрийн модуль сургалтад хамрагдсан байна. Мөн 20 гаруй багш Япон улсад туршлага судалжээ. 


Энэ удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Коганэй хотын бага сургууль болон Жудогийн олон улсын их сургуультай танилцав. 


Мөн Коганэй хотын Боловсролын газрын дарга Оокүматай уулзаж, Токкацу хөтөлбөрийн онцлог, давуу талын талаар ярилцлаа. 


Токкацу арга зүй нь 1960 оноос эхтэй бөгөөд 1970 оноос хөтөлбөр болон хэрэгжсэн байна. Хүүхдийг зөв, эерэг аргаар хүмүүжүүлж хүнлэг, энэрэнгүй бие хүн болгож төлөвшүүлэхээс гадна биеэ даасан, амьдрах чадвартай, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх иргэнийг бэлтгэх зорилготой сургалтын өвөрмөц арга зүй юм. 


Уг арга зүйг цэцэрлэгийн багшаас эхлээд бага, дунд, ахлах анги, их дээд сургуулиудын багш нар хүртэл эзэмшсэн байдаг аж. Тиймээс Япон улс сахилга баттай,  хүнлэг иргэнийг төлөвшүүлж чадаж байна гэж Боловсролын газрын дарга Оокүма онцолж байв.


Эдгээр уулзалтын дараа ИТХ-ын төлөөлөгчид хүүхэд, хамгааллын “Кояма” төвтэй танилцлаа. Тус төв эцэг, эхийн үл хайхрах хүчирхийлэлд өртсөн болон эцэг, эх нь хүүхдээсээ татгалзсан эсвэл өрх толгойлсон ээж нарт зориулж хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.  Улс, орон нутгийн хамтарсан төсвийн санхүүжилттэй уг төв нь “Хүүхэд хамгааллын зөвлөл”-ийн шийдвэрийг үндэслэж эх, хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байна. 


Туршлага судлах ажлын хүрээнд ирэх онд "Токкацу" хөтөлбөрийг илүү өргөжүүлэх, Коганэй хотын Боловсролын газрын даргатай ярилцсан “Сурагч солилцоо”-г эхлүүлэх зэрэг саналыг төлөөлөгчид гаргалаа.


 

Связанные новости