Ноос, ноолуурын салбараас жилд нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-17 16:01:51

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Манай улс малынхаа ноос, ноолуурын боловсруулалтыг шат ахиулан нэмж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргаснаар одоогийн орлогоо 3-4 дахин нэмэх боломжтой.


Уул уурхайн бус экспортын ихэнхийг ноолуур, ноолууран эдлэл, ноос, үс хялгас, арьс, шир зэрэг малын гаралтай түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүн бүрдүүлж, жилд 400 сая орчим ам.доллар олж байна. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын санхүүжилтийн нөхцөл харьцангуй таатай ч хэмжээ бага. Бэлтгэсэн ноолуурынхаа дөнгөж 8.4 хувийг эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтад оруулдаг талаар “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” уулзалтын үеэр тэмдэглэж байв.


Өнгөрсөн онд манай улсын экспортын 93 хувийг эрдэс, 7 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлжээ. Уул уурхайн бус экспортын орлогын 33 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн бүрдүүлж, дийлэнхийг нь хагас боловсруулж экспортолдог. Хэрэв ноос ноолуурын салбарыг дэмжиж, нэмүү өртгийг нэмж чадвал жилд нэг тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой судалгаа гарсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотголоо.


Иймд ноос, ноолуурын салбарын хөгжлийн чиг хандлага, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих боломж, салбарт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдлийг хэлэлцэж, уул уурхайн бус салбарын экспортын өнөөгийн байдал, боломж, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, Монголын ноос ноолуурын салбарын бизнесийн орчин, хөрөнгө оруулалт сэдвээр илтгэл тавьсан юм.


Монголбанкны Судалгаа, Статистикийн газрын Судалгааны хэлтсийн захирал Б.Дуламзаяа илтгэлдээ, Бид ноолуураа угааж гаргадаг байсан бол энэ оны хоёрдугаар сараас самнаж экспортлох болсон. Самнасан ноолуурын хилийн үнэ угаасныхаас 1.8 дахин их. Боловсруулах салбарын зээлийн дундаж хүү жилийн 11.2 хувь, хугацаа нь 28 сар. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэгж зээлдэгчид ногдох зээлийн дүн 1,275 сая төгрөг байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 4,103 зээлдэгчид 1,419 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлд зориулж 16 зээлдэгчид 42.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Энэ оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 1 зээлдэгч 408 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт 876.1 тэрбум төгрөгийн 303 зээлийн хүсэлт ирүүлснээс 168 зээлдэгчид 473 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүд дунджаар 8.1 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай зээлийн нөхцөлтэй байна. Эдгээр аж ахуйн нэгж 4.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, сард дунджаар 234 сая төгрөгийн зээл төлж байгаа”-г тэмдэглэлээ.


Уулзалтад Монголын банкны холбоо, Ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн төлөөлөл, арилжааны банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов. 


Манай улс 2024 онд 57 сая 650 мянган мал тоолуулсан билээ.


 

Связанные новости