СЭЛЭНГЭ: Хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг бодлого шийдвэрт тусгах зорилготой чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын
18 /МОНЦАМЭ/. "Хүүхэд-хайр-ирээдүй" уриан дор Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сум хүүхдийн чуулганаа өнгөрсөн баасан гарагт зохион
байгууллаа.
Хоёр
жилд нэг удаа болдог энэхүү чуулган
нь хүүхдийн амьдралын бүхий л талбарт хүүхдийн
оролцоог тодорхойлох, хүүхдийн төлөө хийж байгаа ажлуудыг хүүхдийн нүдээр харж,
үнэлэх, тэдний тулгамдсан асуудлыг бодлого шийдвэрт тусгах зорилгыг агуулдаг.
Тус чуулганы үеэр Сүхбаатар
сумын "Хүүхдийн зөвлөлийн
чуулган-2023"-аас хэлэлцэн гаргасан
уриалгыг шийдвэрлэн хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулахад 11 асуудлыг
шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн боловч 10 асуудлыг 80 хувьтай шийдвэрлэсэн
талаар дурдлаа.
Энэ удаагийн чуулганы хэлэлцүүлгээр хүүхдүүдийн санал
оруулсан уриалгыг нэгтгэн 13 асуудлыг боловсруулан Сүхбаатар сумын Хүүхдийн зөвлөлийн тэргүүн
С.Оюутөгөл, Сүхбаатар
сумын Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн М.Тэмүүлэнд гардуулан өглөө.
Сүхбаатар сумын Хүүхдийн зөвлөлийн тэргүүн С.Оюутөгөл: Бид тулгамдсан 13 асуудалд санал гарган шийдвэрлүүлэхээр сумын Засаг даргадаа уламжилсан

Өнөөдрийн чуулган Сүхбаатар сумын хүүхдүүдэд
тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох зорилгын
хүрээнд боллоо. Хүүхдүүд бид нэн тулгамдсан асуудлаа эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн оролцооны
хөгжил гэсэн 3 сэдвийн хүрээнд танилцууллаа.
Тухайлбал, Хүүхдийн ордон аймгийн төвөөсөө хол байдаг учраас хүүхдүүд тийшээ очиход унаа байдаггүй. Иймээс унаатай болгох.
Мөн сая шинэ сурах бичиг гарсантай холбогдуулан зарим хүүхэд мөнгөө төлсөн ч авч чадаагүй. Иймээс хүүхдүүд хуучин сурах бичгээ ашиглах.
Манай суманд 24 цагийн эмийн сан ганцхан байдгаас хүрэлцээ муутай. Түүнчлэн эмнэлэг дээр очоод үзүүлэх гэхээр цаг олддоггүй.
Эдгээр 3 асуудал дээр хүүхдүүд хамгийн их санал гаргасан. Тэгээд нэмээд 10 асуудлыг хөндөөд шийдвэрлүүлэхээр сумын Засаг даргадаа уламжиллаа.
Би энэ зөвлөлд 2025 оны нэгдүгээр сард орсон. Энд хүүхдүүд үнэхээр өөрсдийн бодож санасан зүйлээ уламжилж, гаргаж ирж чаддаг газар гэж ойлгосон. Хүүхдүүд сургуульдаа болон өөрсдөдөө тулгамдсан асуудлаа бидэнд өгөөд, бид цааш нь уламжилдаг.
ХГБХГ-ын нийгмийн ажилтан Г.Энхбаатар: Чуулганы гол зорилго бол хүүхдүүдийг сонсох, тэдэнд
тулгамдсан асуудлыг ил болгох
Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих,
тэдний дуу хоолойг сонсох, мөн тэдний эвлэлдэн нэгдэх үйл ажиллагааг дэмжих үүднээс
энэхүү чуулганыг 2 жилд нэг удаа зохион байгуулж ирсэн.
Чуулганы гол зорилго бол хүүхдүүдийг сонсох, тэдэнд тулгамдсан асуудлыг ил болгох, орон нутгийн удирдлагын түвшинд шийдэх, гарц гаргалгааг олоход чиглэж байна.
2023 оны чуулганаар 11 шийдвэр гарсны 10 нь өнөөдрийн байдлаар 80 хувьтай хэрэгжсэн байна. Өнөөдөр хүүхдүүдээс гарч байгаа санал санаачилгын дийлэнх нь өмнөх чуулганы шийдвэрүүд дахин орж ирж байна. Тэгэхээр бидний тухайд эдгээр хүүхдүүдээс гаргасан санал санаачилгыг өдөр тутамдаа, алхам бүрдээ хэрэгжүүлж байх нь томчууд бидний үүрэг болжээ гэж харагдлаа.
Тухайлбал камержуулалт, гудамжны гэрлийн хүртээмж муу, сургуулиудын номын сангийн хүртээмжид ач холбогдол өгөх, хүүхдүүдийн оролцоог хангасан аливаа үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэх мэт. Мөн гудамжаар бөөнөөр явах эзэнгүй нохойны асуудал бас хөндөгдлөө.
Манай сумын баг бүр дээр хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтантай болсон. Нэг нийгмийн ажилтан 2 багийг хариуцаад ажилладаг. Энэ хүмүүс маань гол зорилгоо эрсдэлт буюу зорилтот бүлгийн хүүхдүүд рүү анхааран ажиллаж байгаа. Тэдэнд тулгамдсан асуудлыг холбон жуучлах, урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна.
Энэ удаагийн чуулган хамрах хүрээ
өргөн болж оролцож байгаа нь онцлог боллоо.
Э.Ануужин: Эцэг эхийн оролцоог илүү идэвхжүүлэх нь зөв юм байна гэж бодож байгаа

Би Сүхбаатар сумын хүүхдийн элчид нэр дэвшээд сонгогдсондоо баяртай байна. Би элч болсноор өөрийн мэргэжил нийгмийн ажилтан. Иймээс ЕБС болон политехник коллежийн оюутан сурагчдынхаа тэгш хүртээмжтэй орчныг бий болгох, хүүхдийн дуу хоолойг бусдад хүртээмжтэй хүргэх ажлыг шат дараатай хийж ажиллана гэж бодож байна.
Би 3 жил нийгмийн ажилтнаар ажиллаж байх хугацаанд ажигласан зүйл бол аливаа хүүхдийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо маш чухал боловч харамсалтай нь эцэг эхийн үүрэг оролцоо маш сул байдгийг мэдэрсэн.
Энэ ч утгаараа өөрийн ажилладаг сургууль дээрээ эцэг эхийн талаас нөлөөллийн үйл ажиллагааг харуулсан ажлыг зохион байгуулсан. Би хүүхдийн элч болсноор хүүхдүүдтэйгээ илүү ойр ажиллах боломж бүрдэж байгаад баяртай байгаа.
Боловсролын байгууллага багш, эцэг эх, хүүхэд гэсэн тулгын 3 чулуунаас оршин тогтдог. Иймээс цаашид эцэг эхийн оролцоог илүү идэвхжүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулах нь зөв юм байна гэж бодож байгаа гэлээ.
Чуулганыг Сүхбаатар сумын ИТХ, ЗДТГ,
аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, ДЗМОБ-ын Сэлэнгэ орон
нутгийн хөтөлбөр, Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хороо болон аймаг, сумын
Хүүхдийн зөвлөлийн гишүүд хамтран зохион байгууллаа.
Чуулганд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 7 сургууль, ХААИС-ийн харьяа Сэлэнгэ аймаг дахь Политехник коллеж, Насан туршийн боловсрол олгох төв, Сургуулийн суралцагчийн зөвлөл, Хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл болсон 150 гаруй хүүхэд, Сүхбаатар сумын удирдлагууд оролцлоо.
Связанные новости
Ulaanbaatar