АРХАНГАЙ: "Эх оронч 10000" сургалтад 200 сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-19 11:29:19

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Бидний бахархал төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд хүүхэд залуучуудад эх оронч үзэл, хандлагыг төлөвшүүлэх "Эх оронч 10000" сургалтыг 21 аймагт зохион байгуулж байна.


Үндэсний үнэт зүйлсийг төлөвшүүлэх, хүүхэд, залуусын дуу хоолойг дараагийн түвшинд хүргэх зорилготой энэхүү "Эх оронч 10000" сургалт өнөөдөр Эрдэнэбулган суманд болж, 200 гаруй сурагч оролцлоо.


Сургалтаар бие хүн болж төлөвшихөд эрүүл саруул байх, өөрийнхөө үнэ цэнийг бий болгож, өөрийгөө хөгжүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүний зан чанар, Монгол хүн болж төрснөөрөө бахархах талаар гурван цагийн сургалт, мэдээлэл хийжээ. Хүүхдүүд ч сонирхон сонсож, мэдлэг нэмсэн юм. Сурагчид ирээдүйд цэргийн хүн болоход хувь хүн талаасаа юун дээрээ илүү анхаарах вэ гэдгийг түлхүү асууж, тохирох хариултаа авч байсан юм.


Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй уг сургалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 16-25 насны иргэдийг хамруулах ба нийслэлийн, төвийн, баруун, хангай, хойд, говийн, зүүн гэсэн бүсэд хуваан 11-р сарын 12-ноос 12-р сарын 10-ны хооронд зохион байгуулахаар товложээ. 

Связанные новости