“Гурван сүүдрийн театр” нэрт шинэ театр нээгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2025-11-19 13:42:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Зохиолч, яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгс "Гурван сүүдрийн театр" нэрт театрыг шинээр үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.


Тус театр анхны уран бүтээлээрээ Б.Сүнжидмаагийн зохиол “”Хөх тойрог” экзистенциалист драмын жүжгийг сонгон арваннэгдүгээр сарын 28, 29-нд Төмөр замын чуулга "Ган зам" паласт нээлтийг хийхээр болжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар И.Оюун-Эрдэнэ ажиллаж, гол дүрд залуу жүжигчин Б.Чинбат, О.Хулан нар тоглож байна. 


“Гурван сүүдрийн театр”-ыг үүсгэн байгуулагч О.Элбэгтөгс:

-Миний бие олон жилийн өмнөөс бодож, бүтээхийг зорьж явсан театраа байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Манай театр нь орчин үеийн соёл, сэтгэлгээ, амьдралын хэв маягт суурилсан үзэл санаа бүхнийг дэмжин ажиллахын хажуугаар Монголын театрын урлагийн түүхийг эргэн харж, мартагдсан, олон нийтэд түгэн дэлгэрээгүй зохиол бүтээлүүдийг сэргээн тоглох, олж нээх зорилготой юм. Мөн жүжгийн зохиолын эрэлд бидэн яваа, бүтээхүйн их хүслэнд автан суугаа авьяаслаг зохиолчдыг дэмжин тэтгэх, зохиол бүтээлийг нь тайзнаа амилах боломж олгох, урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаж олон нийтийн хүртээл болж байгаагүй, шинэлэг, өвөрмөц драмын бүтээлүүдийг орчуулан түгээж, тайзнаа жүжиг болгон тавих ажлуудыг урын сангийнхаа бодлогод тусгаад байна, Эрхэм үзэгч, найз нөхөд, ахан дүүс, танил нөхөд, драмын урлагт хайртай та бүхэн 2025 оны арваннэгдүгээр сарын 28, 29-нд үүд хаалгаа нээж, үзэмжит хөшгөө дэлгэх “Гурван сүүдрийн театр”-ын нээлтийн уран бүтээл “Хөх тойрог” жүжгийг үзэхийг урьж байна хэмээв.

Связанные новости