Шаазан ваарын гайхамшигт ертөнцөөр аялахуй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-19 16:17:05

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулан цуглуулагч Х.Батпүрэв шаазан ваарын үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.


Гурван үндсэн хэсгээс бүрдэж буй уг үзэсгэлэнд дэлхийн шаазангийн марк, ил захидал, дугтуй, монголын шаазан ваарын үйлдвэрийн ажилчид болон бүтээгдэхүүний түүхэн гэрэл зургууд, мөн эрт эдүгээгийн шаазан бүтээл бүхий 600 орчим содон үзмэрийг толилуулж байна.


Нээлтийн үеэр цуглуулагч Х.Батпүрэв ярихдаа, Өнөөдрийн үзэсгэлэн шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа юм. Мөн аавынхаа дурсгалд зориулж үзэсгэлэнгээ нээж байна. Манай аав Ц.Хорлоо шаазан ваарны үйлдвэрт насаараа ажилласан учраас аавынхаа хөдөлмөрийг хүндэтгэж буйн илрэл" хэмээн тодотгов.


Мөн тэрбээр, "Би багадаа зуны амралтаараа шаазан ваарны үйлдвэрт ажиллаж байсан. Анхны шаазан ваарын үйлдвэрийн артель гэж байсан үеэс эхлээд өнөөдрийг хүртэл миний олж цуглуулсан шаазан эдлэлүүд үзэсгэлэнд багтсан. Монголд үйлдвэрлэсэн бүх шаазанг бүрэн цуглуулах боломжгүй. Тиймээс өөрт олдсон, хадгалсан бүтээлээ олон нийтэд дэлгэлээ. Шаазан ваарны үйлдвэрийн хамгийн уран тансаг хийцтэй үе нь 1955-1965 он юм. Тэр үеийн бүтээл хэлбэр дизайн сайтайгаас гадна монгол ахуй, хэв шинжийг шингээсэн байдаг. Иймээс цуглуулагчдын дунд хамгийн ховор, үнэ цэнтэйд тооцогддог. Үзэсгэлэнгийн бүтээл бүгд өөр хоорондоо давтагдашгүй, тус бүрдээ өөрийн онцлогтой” гэв.


Энэхүү үзэсгэлэнд үзэгчдийн нүдийг хужирлахуйц олон бүтээл дэлгэснээс гадна 1991 онд монголын Шаазан ваарын үйлдвэрт бүтээсэн онцгой захиалга болох тухайн үеийн ханшаар 1500 төгрөгийн үнэтэй Чингис хааны хөрөгтэй ваар, тус үйлдвэрийн анхны мэргэжилтэн хятадуудын гараараа зурж хийж байсан элдэв бүтээл гэхчлэн Шаазан ваарын үйлдвэрийн бүх цаг үеийн бүтээгдэхүүний онцлог дээжээс түүвэрлэн гаргажээ.


Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 













Связанные новости