ДОРНОД: Олон улсын мэргэжлийн дуулаачдын уралдааны цомыг Б.Батжаргал хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-20 15:43:44

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагдын мэндэлсний 95 жилийн ойд зориулсан олон улсын мэргэжлийн дуулаачдын тавдугаар уралдаан нийслэл хотноо болж өндөрлөлөө.  


Уралдааны шилдгийн шилдэг цомыг ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал хүртсэн байна. Харин тэргүүн байрт ДБЭТ-ын дуучин Б.Энхнаран, дэд байрт чөлөөт уран бүтээлч Б.Жавхлантөгс, гуравдугаар байрт Дорнод аймгийн ХДТ-ын дуучин Л.Түвшинсайхан, чөлөөт уран бүтээлч Х.Мягмарсүрэн, тусгай байрт Улаанбаатар театрын дуучин О.Оюунцэцэг, Дорнод аймгийн ХДТ-ын дуучин С.Ангараг нар шалгарчээ.  


Уралдаанд Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн чуулга, СУИС, Монгол Улсын Консерватори, Сити их сургууль зэрэг мэргэжлийн байгууллагуудын дуучид, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы дөчөөд дуучин оролцсон юм.


“Өргөн Сэлэнгэ”, Чи минь битгий мартаарай”, “Орчлонд бид азтай төржээ”, “Миний эх орны өглөө”, “Хулан хонгор” зэрэг дууных нь нэрийг хэлэхэд л ая нь сэтгэлд буудаг олон сайхан уран бүтээлүүдийг Г.Дарамзагд агсан туурвиж байжээ. 

Связанные новости