Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-22 10:04:39

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэл дэх Төрийн аудитын газар төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитын нээлт өчигдөр боллоо.


Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт хуулийн хугацаанд өргөн мэдүүлсэн ажлын хүрээнд явуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга нар төсвийн төслийн үндсэн бодлого, чиглэл болон гол үзүүлэлтүүдийг танилцуулжээ.

Үүнд, төсвийн төсөлд

•Суурь орлогыг 3.495.9 тэрбум төгрөг
•Суурь зарлагыг 2.616.8 тэрбум төгрөг
•Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг буюу  нийт төлөвлөсөн орлогыг 4.637.5 тэрбум төгрөг байхаар тусгав.

Төсвийн бодлогод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, ногоон хөгжил, засаглалын бодлого гэсэн таван үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Мөн 2026 онд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын төсөл болох Туулын хурдны зам, “Сэлбэ 20 минутын хот” орон сууцны иж бүрэн цогцолбор, инженерийн дэд бүтэц, авто зам, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж зэрэг ээлтэй орчин бүрдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Связанные новости