Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсож, хамтран ажиллахыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-03 12:36:08

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгэм бол бүгдэд ээлтэй учир хүн бүр, байгууллага аж ахуйн нэгж бүр тэдний дуу хоолойг сонсож, дэмжиж, хамтран ажиллахыг “UB ABILITY EXPO-2025”-ын үеэр уриаллаа.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрөөр УИХ-ын дарга Н.Учрал илгээсэн мэндчилгээндээ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын үнэт зүйлсийн нэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан байна. УИХ-ын даргын хувьд 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Энэ хуулийг баталснаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болно. 



УИХ-ын чуулганы хуралдаанд хадмал орчуулгыг нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн шийдвэр гаргах явцад тэгш оролцож, парламентын ил тод байдал, хүртээмжийн соёл нэг шат ахина. Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай. Бид хүртээмжийг хэлэлцдэг бус, хэрэгжүүлдэг улс байхын төлөө алхам бүрээ бодит үр дүн рүү чиглүүлэх шаардлагатай. Санаачилгатай хэн нэгэн бус, хүн бүр төрийн үйлчилгээ, нийгмийн амьдралд саадгүй, тэгш оролцож чаддаг орчныг бүтээх нь бидний зорилт юм. Энэ зорилтыг үгээр бус үйлдлээр, зарчмаар бус бодит өөрчлөлтөөр баталгаажуулж, хамтдаа хөгжлийн шинэ соёл, стандартыг бүтээцгээе” гэсэн байв.


“UB ABILITY EXPO-2025”-ын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хийж буй ажил, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, ажил олгогчидтой цаашид хамтран ажиллах боломж бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн зарим үйлчилгээг шуурхай үзүүлж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж байгаа юм.



Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүн амын 89.6 хувь нь хөдөлмөрийн насных хэдий ч тэдний ердөө 18.1 хувь нь ажил эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Иймд ГБХНХЯ-наас 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан билээ. Манай улсад одоогоор 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тэдний 35.3 мянга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, 30.1 мянга нь асаргааны тэтгэмж, 18.4 мянган хүн хөнгөлөлт, 28.1 мянга нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч байгаа юм. 



НҮБ-аас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ жил “Сайн сайхан нийгмийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангая” уриан дор тэмдэглэж байна.

Связанные новости