БУЛГАН: Г.Ганбаатарын урласан хөхүүр, цахыг Италийн музейд бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-04 15:29:00

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.


Айлчлалын үеэр Монголын уламжлалт соёл, нүүдлийн ахуйг илэрхийлэх үнэт өвийг дэлхийд таниулах зорилгоор Булган аймгийн Сайхан сумын урлаач Гомбын Ганбаатарын урласан хөхүүр, цахыг Итали Улсын музейн сан хөмрөгт хадгалуулахаар хүндэтгэлтэйгээр бэлэглэв.


Урлаач Г.Ганбаатар нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Айраг фестиваль–2025”-ийн “Шилдэг хөхүүр” төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн бөгөөд уламжлалт ардын урлалын өв соёлыг залгамжлан хөгжүүлж буй уран бүтээлч юм.

 

Нутаг усандаа "Уран Гамбаа" хэмээн алдаршсан тэрбээр "Айраг фестиваль-2025"-д арваннэгдүгээр сараас ширээ бэлдэж, идээлж, эсгэж, оёж, шар сүүгээр эдэлгээнд бэлтгэн, соёолон үхрийн ширээр хийсэн, 230 литр орчим багтаамжтай, түүний 10 сарын хөдөлмөр шингэсэн хөхүүр, модны үндсийг ашиглан эвийн хоёр загас сийлсэн бүлүүр, Сайхан уул, морьдын дүрс бүхий бүрэн сийлбэртэй цах, хуш модыг ухаж, жаргалын найман морь, гадна талаар нь сийлсэн сөн, морин толгойтой айргийн хутгуур, ширээний жижиг хөхүүр, сийлбэртэй цах гээд иж бүрэн хэрэглэлтэй оролцож, зочид төлөөлөгчид, жуулчид үзэгч олныг айргийн өв соёлоор гайхашруулсан юм. 








Связанные новости