ОРХОН: “Соёл түгээе” аяны хүрээнд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-05 15:18:32

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлалын газартай хамтран 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд “Соёлыг түгээе” аяныг зарласан.


Уг аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хотын иргэдэд зөв хандлага, эерэг соёл түгээх зорилготойгоор төрийн чиг үүргийн байгууллагуудад өглөө бүр очиж уриалж буй юм. 


“Соёлыг түгээе” аяны хүрээнд Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлалын газрын Соёлын төвийн хөгжимчид Зэвсэгт хүчний 186 дугаар ангид саатаж, “Эрхэм та инээмсэглэ, Энэ таны гол имиж юм” хэмээн уриалга дэвшүүлж, хөгжмийн хөг эгшгийг гайхуулав. Өглөө эртлэн ажилдаа цуглаж буй хамт олныг хөгжмийн эгшиг аялгуу дор угтаж, соёлыг түгээсэнд ангийн удирдлага талархал дэвшүүлж, энэхүү аяныг дотооддоо өрнүүлэхэд манлайлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

 

Ирэх онд Зэвсэгт хүчний анги, төрөл мэргэжлийн цэргийн тэгш ой тохиосон түүхэн жил болно. Учир нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн түүхт 90 жилийн ой болон химийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тус тус тохиох юм. “Матадын 8 дугаар морьт дивиз” хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 186 дугаар анги нь БНМАУ-ын маршал Г.Дэмидийн санаачилгаар 1936 онд байгуулагдсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайд оролцож, баатарлаг гарамгай гавьяа байгуулан, эгнээнээсээ 4 баатар төрүүлсэн дайчин замналтай ажээ.



          


Связанные новости