АРХАНГАЙ: Хүний эрхийн сургалтад хамрагдсан иргэний тоо 31.4 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-10 15:46:17

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын Архангай аймаг дахь референт хүний эрхийн асуудлаар дүн шинжилгээ хийх, судалгаа хийх, гомдол хүлээж авах, шалган шийдвэрлэх, сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах, хуульд хяналт тавих гэх зэрэг олон чиг үүрэгтэй ажилладаг.

 

Энэ онд хууль зүйн туслалцаа авах, хүүхдийн эрх, хөдөлмөрлөх, халдашгүй чөлөөтэй байх эрх, гэр бүлийн хүчирхийлэл, газар өмчлөх зэрэг хүний эрхийн асуудлаар 32 иргэн зөвлөгөө авахаар хандсаны 26-д биечлэн зургаан иргэнд утсаар зөвлөгөө өгчээ.

 

Мөн иргэдээс ирүүлсэн 27 гомдлыг хүлээн авч, хариуцагч нараас тайлбар авч ажиллагаа хийн бүрэн шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн эрхийг хамгаалж, хүний эрхийн зөрчлийг арилгах, зөрчил илрэхээс урьдчилан сэргийлж чадсан байна.

 

Сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд 33 удаагийн сургалтад 1356 хүнийг хамруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 426 хүнээр буюу 31.4 хувиар өссөн байна. Сургалтаар хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрх ба жендэр, хүний эрх хамгаалагч, хүний хувийн нууц ба мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн зохицуулалт, хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зэрэг сэдвүүдээр төрийн алба хаагч, иргэдийг хамруулжээ. 2024 онд 25 удаагийн сургалтад 930 хүнийг хамруулж байжээ.  

 

Мөн хүний эрхийн асуудлаар долоон дүн шинжилгээ, найман судалгаа, арван уулзалт, гурван хэлэлцүүлгийг зохион байгуулж, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийн хүний эрхийн тулгамдсан асуудлыг илрүүлж ажиллажээ. Энэ хүрээнд дээрх сумын иргэд, төрийн албан хаагч, сурагчдыг хамруулан хүний эрхийн сургалтыг зохион байгуулж, мэдлэг олгосон байна.   

Связанные новости