АРХАНГАЙ: Энэ жил аялагчдын тоо 40 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ онд гадаадын 31.6 мянга, дотоодын 509.7 мянган аялагч хүлээн авчээ.
Энэ нь 2024 оныхтой харьцуулахад 40.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гадаад,
дотоодын аялагчид нэмэгдсэнээр нутгийн иргэдийн орлого нэмэгдэж, байнгын болон
түр ажлын байр шинээр бий болсон байна.
Аялал
жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аймгийн брэнд эвентүүд болох АРА
фестиваль-2025, Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал, Орхоны хөндийн адуучдын
баяр, Өгий нуурын өвлийн наадам, Хотонт сумын айргийн баяр
зэрэгт давхардсан тоогоор 320 мянган хүн оролцжээ.
“Хүннү
хаан” театарчилсан шоу тоглолтыг анх удаа англи хэлээр тоглож, 1200 хүнд, “Зая
гэгээнтэн” түүхэн дуулалт жүжгийг зургаан удаа тоглож, 3750 үзэгчдэд тус тус
хүргэжээ. Түүнчлэн шинэ уран бүтээл “Тунгалаг тамир” мюзикл жүжгийг амьд поп оркестр
хөгжимтэй үзэгчдийн хүртээл болгосон байна.
Мөн
аймгийн музейд 25 виртуал контент бүхий 5 төхөөрөмжийг 19.5 сая
төгрөгөөр нэвтрүүлснээр байгалийн болон түүхийн аялал жуулчлалын
бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлжээ.
Аялал жуулчлалын үзэсгэлэнгүүд, Япон, БНСУ-д болсон аялал жуулчлалын өдөрлөгүүдэд Архангай аймаг оролцон, аялагчдыг урьснаар Vizit ARA хөтөлбөрөөр дамжуулан “Малчин кемп” хөтөлбөрт 19.7 сая төгрөгийн захиалга авч, 1095 хүнийг хүлээн авсан байна. Ирэх жилүүдэд ч энэ хөтөлбөр үргэлжилнэ.

Малчин кемп хөтөлбөрийн гэр

Өгий нуурын өвөл
Ulaanbaatar