СЭЛЭНГЭ: Н.Эрдэнэцэцэг: Эрсдэлээс хамгаалах ажлыг түлхүү хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Н.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
-Мандал
сумын Хэрх тосгоны ЭМТ-ийн дарга, Мандал сумын ИТХ-ын дарга байсан үеийг сайн
мэдэх юм байна. Хэзээ Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын албыг
хашиж эхлэв?
-Би эмч мэргэжилтэй. АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Энэ чиглэлээрээ Мандал сумын Хэрх тосгоны ЭМТ-д 20-иод жил дарга хийнгээ ажилласан. Түүний дараа Мандал сумын ИТХ-ын даргаар 3 жил ажиллалаа.
Тэгээд 2024 оны
12 дугаар сарын 27-нд энэ ажилд ирсэн. Өмнөх дарга Д.Эрдэнэбатыг гавьяандаа суухад аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од надад, “За, чи ажлаа өгчихсөн бол салбартаа буцаж ирээд энд ажиллаад
үзээч” гэсэн саналыг тавьсан. Энэ салбар бол үндсэндээ эрүүл мэндийн салбар учраас мэргэжлээс зөрөхгүй, өмнө энэ салбартаа 20 жил ажилласан туршлага байгаа
болохоор боломжтой юм гэж бодоод саналыг нь хүлээн авсан. Ингээд ажлаа аваад яг 1 жил болж байна.
-Зооноз өөрөө нэлээд өвөрмөц онцлог ажилтай
салбар болов уу?
-Тийм шүү, ЭМС боловч таны сая хэлдэг шиг зооноз өөрөө дотроо ялгаатай, өөр. Тусгай мэргэжлийн буюу төрөлжсөн мэргэжлийн байгууллага гэж явдаг. Эрүүл мэндийн салбар дотроо хүн эмнэлэг нь хүн рүүгээ чиглэж, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлаа хийдэг. Харин манай салбар бол мал, амьтнаас хүнд халдах халдвар, түүнийг тандан судлах, эрдэм шинжилгээний ажлыг хийх, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлыг хийдгээрээ онцлогтой.
Өөрөөр хэлбэл
үүсгэгчийнх нь суурин дээр ажилладаг гэсэн үг. Дээр нь энэ
төрөлжсөн мэргэжлийн байгууллагад үндсэн 4 чиг үүрэг байдаг. Түүний нэн тэргүүнд эрдэм шинжилгээ, судалгаа тандалтын шинжилгээний ажил юм. Манай хамт олон 2025 онд энэ чиглэл рүүгээ анхаарлаа чиглүүлж, ерөнхий
төлөвлөгөө, каленьдарчилсөн төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө гээд бүгдэд нь яг энэ судалгаа шинжилгээнийхээ ажил дээр илүү төвлөрч зорилт тавиад ажилласан. Хангалттай сайн хийсэн гэж үзэж байгаа.
-Шинэ даргын хувьд хийж хэрэгжүүлсэн
шинэлэг ямар ажил байна вэ?
-2024 онд манай төвийн лаборатори дээр шинжилгээнүүд хийгээгүй. Бүгдийг нь зөөвөрлөн тээвэрлэж, үндэсний төв дээрээ аваачиж шинжилгээнүүдээ хийсэн байсан.
Тэр асуудлыг бид өөрчилж 2025 онд өөрийнхөө байгууллага дээр шинжилгээгээ хийдэг болсон. Энд зөвхөн эерэг гарсан тохиолдолд баталгаажуулах зорилгоор төв рүүгээ илгээж ажилласан. PCR-ын машин гэж байдаг л даа. Тэр машин маань анх удаа 2025 онд ажиллалаа.
Энэ машин дээр манай лабораторийн эмч нар маш сайн ажилласан. Манайхны хийсэн шинжилгээ болгоны хариу Үндэсний төвийн хариутай яг таарсан. Тандалт судалгааны биологчид маань бас нэлээдгүй олон зүйл дээр тандалт судалгааны ажлуудыг хийлээ.
Тухайлбал бид шинээр заарт харх /ондатор/ гэж ярьдаг энэ амьтан дээр шинэ судалгааны 2 ажлыг эхлүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан байсан. Үүнийхээ нэгийг нь Үндэсний төвтэй хамтраад 2025 оны 2-р сард хийсэн. Харин сая энэ намар хоёр дахь судалгааны ажлаа өөрсдөө бие дааж дангаараа заарт хархныхаа тандалтын тоошлыг тогтоох, овоохойг тоолох, байршлыг нь тогтоох ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Ийм онцлогтойгоор 2025 ондоо бид ажиллалаа.
-Танай хамгийн гол ажил урьдчилан
сэргийлэх, тандалт судалгаа, сургалт сурталчилгаа байдаг гэж та хэллээ. Энэ тал
дээр онцлог юу хийв?
-Бидний үндсэн ажлын нэг хэсэг бол сургалт, сурталчилгаа, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн ажил хийх. Энэ чиглэлээр сошиал орчинд хийхээс гадна тухайн орон нутагт нь очиж сургалт сурталчилгааг хийх, мэргэжлийн байгууллагууд дээр эмч, мэргэжилтнүүдэд зөвлөмж өгөх, иргэддээ танин мэдүүлэх ажлыг тогтмол хийгээд явж байна.
Энэ жил хэд хэдэн хэлбэрээр сумдад очиж ажилласан. Ирэх жил энэ ажлыг илүү өөр хүрээгээр хийхээр төлөвлөөд явж байна. Гэхдээ одоо үр дүнгээ тооцоод харахаар хэрхэн яаж чиглэж, зорилтот бүлгээ сонгох вэ гэдгээ 2026 ондоо төлөвлөнө.
Бидний нэг
онцлог нь энхийн цагт хөлсөө их гаргавал, дайны талбарт цусаа бага гаргана
гэдэг үг уриа болж явдаг.
Эрдэм
шинжилгээ, судалгаа танадалтын ажил өндөр байх тусмаа Сэлэнгийн эрүүл
мэндийн салбар, тэр дотроо хүн амд чиглэсэн халдварт өвчин гарах эрсдэлийг
бууруулах, хамгийн өндөр үр нөлөөтэй байх учиртай юм. Тиймээс бид энэ чиглэлд маш их цаг
гарган ажилласан. 2025 оны үндсэн зорилго маань ч үүнд чиглэсэн.
-2026 ондоо төлөвлөсөн
ямар ажил байна. Эрсдэлт зүйлээс иргэдээ хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр?
-2025 оныхоо ажлын гүйцэтгэлийг үнэлүүлэхээр тайлангаа бичээд үр дүнгээ харахаар сууж байна. Мэдээж төрийн байгууллага учраас үр дүнд суурилсан төлөвлөлтийг хийгээд явдаг. Энэ хүрээнд бид үр дүнгээ тооцож байна. Эндээсээ бид цаашаа юун дээр анхаарах, хаашаа явах вэ гэдгээ хараад, 2026 оны төлөвлөгөөгөө гаргана.
Гэхдээ бид ерөнхийдөө юуг хүсэж байна вэ гэвэл, манайх төрөлжсөн мэргэжлийн байгууллага, ЭМС-ын нэг мөчир учраас одоо байгаа лабораторидоо сүлжээ стандартыг нэвтрүүлэн магадлан итгэмжлэлдээ хамрагдаж, стандартыг ханган ажиллахыг хүсэж байна.
Ийм ч учраас 2026 онд илүү түшиглэж явахаар зорилгоо тавьсан. Бусад ажлуудаа гүйцэтгэлийн төлөвлөгөөнөөсөө харж байгаад төлөвлөөд явна даа.
-Сэлэнгэ аймагт анхаарал татсан ямар
голомт байдаг вэ? Мөн эрсдэлийг хэрхэн тооцож, иргэдийг аюулгүй байдлыг хэрхэн
хамгаалан ажиллаж байна?
-Сэлэнгэ аймагт эрсдэл ихтэй, халдварын голомт өндөртэй зүйл бол хачиг байдаг. Хачигт халдвар бол хамгийн өндөр аймаг. Тарваган тахал бол манай аймагт голомт нь байдаггүй. Бид энэ жил Үндэсний төвтэй хамтраад тандалт хийсэн голомт байхгүй хэвээрээ байгаа.
Тодруулбал, Ерөө, Хүдэр, Бугант сум өндөртэйд ордог. Бидний бас нэг зорилго нь энэ бүс нутгийн хүн амынхаа дархлаажуулалтын ажлын хувийг нь өсгөж, хачгийн голомттой орон нутагт амьдарч байгаа учраас энэ эрсдэлээс хамгаалах ажлыг түлхүү хийхээр төлөвлөөд явж байна.
Дархлаажуулалтын ажлыг бусад аймагтай харьцуулахад Сэлэнгэ аймагт нэлээд өндөр түвшинд хийдэг байсан. Үүнийгээ бид улам баталгаажуулж, сайжруулна. Тэр тусмаа бүтэн 3 тун авах ажлыг хүн орхигдуулалгүй тэр бүс нутгийнхныг бүрэн хамруулж, сэргийлэх ажлыг хийхээр төлөвлөсөн.
-Сүүлийн үед хачигт халдварын
тохиолдол гарсан уу?
-Энэ жил гэхэд хачигт инцеплатийн 3
тохиолдол аймгийн хэмжээнд батлагдсан. Үүгээр хүн өвдөж байна гэсэн үг
шүү дээ. Энэ өөрөө хүндрэлтэй, хүндрэл өгдөг, сөрөг үлдэц үлдээдэг ийм хор
уршиг ихтэй өвчин. Иймээс үүнийг бууруулах дархлаажуулалтын ажлыг илүү их хийхээр анхаарч, дархлаажуулалтаа цахим системд шилжүүлж, бүрэн
хянах боломжтойгоор шийдэх апплейкшныг бүтээхээр нэг компанитай ярилцаад
явж байна.
-Танай байгууллага хөрш ОХУ-ын Буриад улстай хамтын
ажиллагаатай байх аа. Энэ талаараа?
-Манай байгууллага ОХУ-ын Буриад улстай энэ чиглэлээр олон жилийн хамтын ажиллагаатай. Энэ харилцаан дээрээ хамтраад хачгийн төвийг манай аймагт байгуулахаар өмнөх даргыг байхад санамж бичигт гарын үсэг зурсан юм байна. Гэвч энэ ажил маань хийгдээгүй түр зогсонги байдалд байгаа.
Яагаад гэвэл улс хоорондын гэрээ хэлэлцээрийн асуудал учраас хоёр байгууллага гарын үсэг зураад хийх боломжгүй юм байна. Эрүүл мэндийн яам, бусад яамдаар дамжиж хийгдэх учраас түр хүлээгдсэн байгаа.
-Олон жил удирдах алба хашсан хүний хувьд та ямар зарчим барьж ажилладаг вэ?
-20 гаруй жил удирдах албан тушаалд ажиллаж байгаа туршлагаасаа харахад хаана ямар асуудал байна гэдгийг олж хардаг, хайдаг.
Асуудлыг хайгаад асуудлынхаа хойноос үүнийг шийдэх ямар арга зам байна вэ гэдгээ хайгаад явахаар маш амархнаар шийдэж болдог. Учир нь бүгд тэр асуудлаа олоод ойлгоод ойлголцоод ирдэг учраас шүү дээ. Нэг үгээр хэлбэл хэн нэгэн хүн лүү биш, асуудал руугаа чиглэж ажилладаг гэх үү дээ.
Иймээс 2025 ондоо бид хамтарч ажиллаж эхлэхдээ, бид юун дээр анхаарах ёстой вэ гэдгээ өөрсдөө бичээд, албан хаагч бүр өөрсдийнхөө ажлын байран дээрх үйл явцын зургаа зураад, хаана ямар асуудал байна. Юу доголдож зарим зүйл хийгдэхгүй үлдэж байна гэдгээ өөрсдөө гаргаад тодорхойлсон.
Дарга тодорхойлох биш, ажилтан өөрөө өөрийнхөө ажлыг тодорхойлоод удирдлагын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгээ зурагласан.
-Эдийн засгийн хэмнэлт мэргэжлийн боловсон хүчин, цомхотгол, нийгмийн асуудал хэр нөлөөлөв?
-2024 оны 12 дугаар сард намайг ажлаа авахад манай байгууллага 14 ажилтантайгаар төсөв батлагдсан орон тоотой байсан. 2026 онд яамтайгаа ярьж байгаад 16 болгохоор 2 ажилтны тоо нэмж хүсэлт явуулахад 16 гэсэн орон тоог баталж өгсөн. Гэхдээ төсөв шийдээгүйгээр зөвхөн 2 орон тоог эхний байдлаар 2025 онд шийдүүлээд явсан.
Гэтэл 2025 оны сүүлийн хагас жилд тохиолдсон 9 хувийн цомхотгол, хэмнэлтийн горим бидэнд бас тохиолдсон. Яавал бид үр ашигтайгаар, зөв зохион байгуулалттайгаар энэ хүнд үеийг давах вэ гэдэг дээр манай байгууллага ч гэсэн өртсөн.
9 хувийн цомхотгол гээд ярихаар манай 10 гаруй хүнээс 1 нь орох юм байна гэсэн ойлголт бидэнд байсан. Энэ цомхотголоо бид тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийг суулгах юм уу, эсвэл ажлын байрнаас чөлөөлөгдсөн хүмүүсийг нөхөж ажиллахгүй гэсэн горимтой явах уу гээд байж байтал манай нян судлалын эмч ар гэрийн шалтгаанаар Дархан-Уул аймаг руу шилжсэн.
Ингээд бид тэр нэг орон тоог нөхөхгүйгээр цалин хөлсөө хүргэх гэсэн хэлбэрээр ажиллаад бүгдээрээ оноо дуусгах гэж байна. Уул нь 2026 онд шинээр батлагдсан 2 орон тоо, саяны явсан нэг орон тоо гээд 3 орон тоог нөхөх хэрэгцээ маш их бий.
Илүү өргөн цар хүрээгээр, илүү хүртээмжтэй байж, судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажлаа зөв сайн хийхэд бидэнд мэргэшсэн тусгай хүний нөөц зайлшгүй шаардлагатай байна уу гэвэл шаардлагатай байгаа.
Манай лабораторийн нян судлалын их эмчийн орон тоо бол манайд зайлшгүй хэрэгтэй орон тоо шүү дээ. Нөгөө чухал судалгаа шинжилгээгээ хийдэг эмч нараа ахалж ажилладаг чухал орон тоо юм. Тэгэхээр 2026 онд зайлшгүй шаардлагатай л байна.
Гэхдээ бид одоохондоо энд байгаа 3 эмч дээрээ суурилаад төрийн ажил зөвхөн урдхаа чадах биш, хөрвөх чадвартай, багаар ажиллах чадвартай байх ёстой гэсэн зарчмаар тэр хүнийхээ дутууг нөгөө их эмч нар маань нөхөөд явж байна.
-Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Эмэгтэй удирдагч болоод
тэрүү, байгууллагын өнгө гял цал цэвэрхэн, их сайхан харагдаж байна шүү?
-Энэ сайхан өнгийг бид зүгээр нэг бодоод хийгээгүй юм. Миний өмнө ажиллаж байсан байгууллага дээр анх удаа Монгол Улсын хэмжээнд сум, тосгоны эмнэлэгт ЭМС-ын чанарын ISO-г хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байлаа. Тиймээс миний хувьд чанар гэж юу юм, ямар байх ёстой юм гэдгийг энэ байгууллагад нэвтрүүлэхийг мөн зорьж, хичээсэн юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв гэдэг байгууллага өөрөө стандарт хэрэгжүүлэхээр өөрийн брэнд өнгөө тодорхойлсон байдаг. Тэгэхээр аль ч газар очсон тэр өнгөөрөө, зоонозын өнгө ийм байна гэдгээр Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийг адил байх ёстой гэдэг үүднээс цэнхэр цагааны суурь дээр явдаг өнгийг харуулахыг зорьсон.
Эрүүл мэндийн
салбар бол үндсэндээ бүсгүйчүүдийн салбар байдаг. Олонх байдаг учраас
бүсгүйчүүд байгаа газар гэрэл гэгээ илүү их байдаг л гэж хардаг даа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Ulaanbaatar