“Хариуцлагатай төр-Авлигагүй нийгмийн төлөө” эмэгтэйчүүд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСЛиберал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс “Хариуцлагатай төр- Авлигагүй нийгмийн төлөө” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Улаангом сумын 12 багийн болон төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд оролцсон юм. Энэ үеэр ЛЭОС-гийн Увс аймаг салбарын үйл ажиллагааны талаар тус салбарын тэргүүн М.Оюунцэцэг танилцуулсан бол Азийн сангаас Монгол Улсад хийсэн “Авлигын талаарх судалгааны тойм”-ыг ЛЭОС-гийн Увс аймаг дахь салбарын тэргүүлэгч Ж.Эрдэнэсүрэн танилцуулсан юм. Мөн Увс аймгийн Худалдан авах ажиллагааны талаар тус албаны мэргэжилтэн Л.Цогтсайхан мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт оролцогч эмэгтэйчүүд төрийн болон ТББ-ын ажилтнуудын мэдээллийг сонссоныхоо дараагаар гурван баг болж хуваагдан нийгэмд үүсээд байгаа авлига хээл хахууль болон аливаа худалдан авах үйл ажиллагаанаас үүссэн хор хөнөөлийг арилгах, засч залруулах тал дээр ямар оролцоотой байж, хэрхэн манлайлж ажиллах талаараа хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр оролцогч эмэгтэйчүүд аймаг орон нутагт болоод өөрсдийнхөө амьдралд тохиолдсон бодит жишээнүүдийг дэлгэн тавьсан нь ихээхэн сониролтой байв.
ЛЭОС нь 1992 онд байгуулагдсан бөгөөд Увс аймгийн салбар ч тухайн онд байгуулагджээ. Нийгмийн шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө, тэгш байдлыг эрхэмлэн иргэдийнхээ сайн сайхны төлөө хариуцлагатай төр, сайн засаглалыг бий болгоход үндэсний бөгөөд орон нутгийн салбарын гишүүдээрээ дамжуулан хувь нэмрээ оруулах нь тухайн байгууллагын эрхэм зорилго аж.
“ЛЭОС нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг нь бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, хяналт мониторинг хийх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Саяхан бид аймгийн Байгаль орчны газартай хамтраад байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдийн эмэгтэйчүүдийг оролцуулсан сургалтыг зохион байгуулж, сайн ажилласан эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулсан” хэмээн ЛЭОС-гийн Увс аймаг дахь салбарын тэргүүн М.Оюунцэцэг ярилаа.
Б.Батхүү
Связанные новости


