Хятадууд Увсад борц үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутагт буюу Ахлах 4-р сургуулийн урд талын хашаанд хятадууд борцны үйлдвэр ажиллуулж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр амралтын хоёр өдөр цацагдсан юм.
Энэ дагуу аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Анхбаяр тэргүүтэй хүмүүс өчигдөр борцны үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Тус үйлдвэрт 8 монгол, 4 хятад иргэн ажиллаж байгаа аж. Увс аймгийн “Арвижих цолмон” ХХК урд хөршийн борцны үйлдвэртэй түншийн гэрээ байгуулж, улмаар Увс аймагт нэг сарын өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хоногт 300 кг борц үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр нь бүтээгдэхүүнээ Эрээнээр дамжуулан БНХАУ-ын зах зээлд гаргах юм байна. Энэ ондоо амжиж туршилтын журмаар эхний ээлжийн бүтээгдэхүүнээ гаргаж, хэрвээ үр дүнтэй байвал 2017 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлэх аж.
Борцны гол түүхий эд болох үхрийн махаа ченжүүдээс 1800 төгрөгөөр илүү үнээр буюу аймгийн зах дээрээс 4800 төгрөгөөр худалдаж авдаг байна.
Нэг кг мах 200 гр борц болдог бөгөөд 10 ш үрлэн борц нь 25 юань гэнэ. Тэгэхээр нэг үхрийн мах монгол мөнгөөр 2.8 сая төгрөг болдог аж. Монголчууд л борц хийдэг гэсэн ойлголт байдаг. Гэтэл хятадууд манайд ирж чавга шиг хар өнгөтэй борц үйлдвэрлэн вакум уутанд савлаж эх орондоо худалдаанд гаргах гэж байна.
Увс аймагт ажиллаж байгаа эдгээр иргэдийн нэг нь өвөр монгол хэлмэрч бол нөгөө нь хятад технологич эхнэрийнхээ хамтаар байна. Гэхдээ тэд гадаадын харъяатын асуудал эрхэлсэн газраас Увс аймагт суух албан ёсны зөвшөөрлийн бичиг баримтаа аваагүй, одоогоор бүрдүүлэлт хийгээд явж байгаа гэжээ.
Ямартай ч хятадын борцны үйлдвэр Увс аймагт үйл ажиллагаа явуулж, 8 монгол иргэнийг ажлын байртай болгож, үхрийн махыг зэх зээлээс өндөр үнээр авч байгаа аж. Гэвч орон нутагтаа хятад иргэдийг суурьшуулж ажиллуулах бус технологийг нь сурч аваад өөрсдөө үйлдвэрлэдэг болж бүтээгдэхүүнээ гадны зах зээлд гаргамаар байна гэсэн байр суурьтай иргэд Увсад олон байна.
Б.Батхүү