“Монголд үйлдвэрлэв” чуулганд 700 гаруй төлөөлөгч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭАж үйлдвэрийн яамнаас санаачлан зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулган энэ сарын 16-нд Шангрилла зочид буудалд болно.
Энэ талаар өнөөдөр тус яамнаас мэдээлэл хийв.
Анх удаа зохион байгуулж энэ чуулганд олон улсын хөрөнгө оруулагчид, дотоодын үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, эдийн засагчид, банк санхүүгийн байгууллагын 700 гаруй төлөөлөл бүхий өргөн цар хүрээг хамрах юм.
Чуулганаар “Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүд”, “Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Худалдааны бодлогоор үйлдвэрлэлийг дэмжих нь: Хүндрэл ба боломж”, “Аж үйлдвэрийн салбарын технологи ба хүний нөөц”, “Аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах боломж” зэрэг сэдвийн хүрээнд чуулах аж.
Мөн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга хийх бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Түүнчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод энэ сарын 22-27-нд “"Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” анх удаа зохион байгуулах гэж буй талаар мэдээллээ. Энэ үеэр Монголын экспортлогч компаниудын үзэсгэлэн худалдаа, танилцуулгаас гадна эх орныхоо түүх, соёл, зан заншлыг харуулсан урлагийн тоглолт, уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн, хувцас загварын үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм.
Үндэсний үйлдвэрлэгчид лангууны үнэ төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ нээлттэй борлуулах эрхтэй тул гадагшаа чиглэсэн зах зээлийг нь илүү тэлж өгөх боломж олдож буй гэдгийг албаныхан тодотгож байлаа.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр