Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-19 22:58:03

Өмнөговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэж мэрэгжлийн байгууллагууд үзлээ.

Тус аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс"-ынхон ийм дүгнэлтэнд хүрчээ. 2015 онд аймгийн хэмжээнд 271 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан бол энэ оны байдлаар  337 болж өсчээ.

"Сүүлийн үед нярай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байх тохиолдол нэлээн илэрч байгаа бөгөөд эхчүүдийн хоол хүнс, амьдарч буй орчноос шалтгаалж байх магадлалтай хэмээн мэргэжлийн эмч нар үзэж байна. Сонсголгүй, хараа муу, саажилттай, үеэрээ нийлсэн зэрэг хүүхэд төрөх нь элбэг болсон талаар мэргэжлийн хүмүүс хэлж байгаа" гэж Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга н.Мөнх-Эрдэнэ ярилаа.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс" нь 2014 онд байгуулагдсан бөгөөд аймгийн хэмжээндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэгдсэн сантай болжээ. Мөн хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд хүүхдүүдийг хамруулах, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах зэргээр ажиллаж байгаа юм байна.

2016 онд ерөнхий боловсролын сургуульд 85 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байгаа бол сургуулийн өмнөх боловсролд 50, тусгай сургуульд 10 хүүхэд хамрагдаж байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

 

Связанные новости