Дорнодын боксчид нутагтаа бэлтгэлээ базааж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭнэ сарын 9-нд болох Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд оролцох тамирчид Дорнод нутагтаа бэлтгэлээ базааж байна.
Монголын боксын холбооныхон спортын салбартаа өнгөлж шилдгийн шилдгээр шалгарсан амжилтад хүрэхэд Дорнодын боксчид голлох үүрэгтэй байсан. 2016 оны Монгол Улсын шилдэг тамирчнаар Монгол Улсын гавьяат тамирчин Олимпын хүрэл медальт, Дорнодын уугуул Д.Отгондалай тодорсон бол эмэгтэй боксчдоос Дорнодын Л.Алтанцэцэг чансаагаараа тэргүүллээ.
-Хүн хийж чаддаг зүйлдээ дур сонирхолтой бол хаана ч хэнээс ч дутахгүй амжилтыг үзүүлж чадна гэдгийг Дорнодын боксчид батлан харуулж байна. Тэмцээн болгонд амжилт үзүүлж Дорнод нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваадаа баяртай байна гэж Монгол Улсын Спортын мастер Л.Алтанцэцэг ярьж байлаа.
Тэртээ 1983 онд тухайн үеийн аймгийн Биеийн тамир спортын хорооны дарга Л.Батхуяг Дорнод нутагт боксын спортыг хөгжүүлэх хүсэлтийг дээд газартаа уламжилснаар Дундговь аймгийн уугуул Ё.Төмөрбатаа Дорнод нутагт ирснээр боксын спортын эрчимтэй хөгжлийн түүх эхэлдэг. Тэрээр амьдралынхаа 40 шахам жилийн хугацаанд тив дэлхий, олон улс, улсын аваргын тэмцээнээс шилдэг ширэн бээлийтнүүдийг олноор төрүүлж Монгол төрийн далбааг Дэлхийн тавцанд мандуулж явсан гавьяатай хүн юм.
Б.Туяа