Сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-12 16:03:52

Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарч, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хаасан тухай өмнө нь мэдээлсэн. Харин ханиад томууны дэгдэлт буурч 9 хувьтай болсноор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр аймгийн Онцгой комисс шийдлээ.

Гэхдээ өдөр бүр сургууль, цэцэрлэг өөрийн  харьяа Эрүүл мэндийн төвтэй хамтран “Угтах үйлчилгээ”-г үзүүлэх боллоо. Энэ нь мэргэжлийн эмч өглөө бүр үзлэг хийж томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдийг гэрт нь буцааж, өвчлөлийн хүрээг нэмэгдүүлэхгүй байх чиглэл барьж байна. Өмнө нь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт 15 хувьтай байсан юм.

Уг өвчнөөр их төлөв 0-5 насныхан өвчилж байгаа учир эцэг, эхчүүд хүүхдээ аль болох даруулахгүй байх, амин дэм ихтэй хоол хүнс түлхүү хэрэглэхийг мэргэжлийн эмч нар зөвлөж байсан. 0-5 насны хүүхдүүдэд энэ сарын 7-ноос 3-р сарын 1 хүртэлх хугацаанд 8 төрлийн эмийг үнэгүй олгож эхэллээ.

                                                                                                                                             Б.Туяа

Связанные новости