Шадар сайд Баяндун сумын эмнэлэгт пургон машин хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДШадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн яг одоо Баяндун суманд ажиллаж, ард иргэдтэй уулзалт хийж байна.
Баяндун сумын нутагт энэ өвөл 42 өрхийн 40 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байгаа юм. Тус сумын хувьд мал, малчин өрхийн олонтой сум. Өндөрлөг газраа малын туурайн цастай, нутгийн баруун болон баруун хойд хэсгээр цасны зузаан 20-25 см зузаантай байна. Цаашид цас нэмж орвол өвөлжилт улам хүндэрч мэдэхээр байгаа бөгөөд нөхцөл байдалтай холбогдуулаад сум орон нутгийн удирдлага шуурхай ажиллаж байгаа ажээ.
Мөн малчдаас цаг агаар хүндэрвэл хэрэглэх өвс тэжээлийн судалгаа авахад 240-өөд айл 61 тн хивэг, 970 тн өвсний захиалга өгчээ. Гэхдээ малчдын хувьд бэлтгэлээ янз бүр базааснаас хамаарч нөхцөл байдал өөр өөр байна.
Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссоос Баяндун суманд ажиллах үеэрээ Эрүүл мэндийн төвд пургон машин хүлээлгэн өглөө.
Дашрамд дуулгахад өвөлжилт хүндэрсэн сумдад НҮБ-аас тусламж үзүүлээд эхэлжээ. Шадар сайд "Гаднын орны хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж хүсч хандсан. Эхнээсээ тусламжийн цуваа ирж байна" гэж уулзалтын үеэр хэлсэн юм.
Д.Дэлгэрмаа