Абу Даби-г зорих жүдочдын баг тодорчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТАрабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 23-27-нд болох жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д оролцох баг, тамирчдад өнөөдөр хувцас хэрэглэл гардуулав.
Энэ үеэр олон улсын А зэрэглэлийн шүүгч Б.Ууганбаатар тэмцээний шүүлтийн талаар заавар зөвлөгөөг өгөв. Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д өнгөрсөн оны "Майами-2014" залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогтбаатар, хүрэл медальт Женко клубын тамирчин ОУХМ Б.Амартүвшин, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн бөх ОУХМ Г.Баттулга нарын бөхчүүд хүч үзнэ. Тэднийг МЖБХ-ны дэргэдэх Жүдогийн академийн багш Д.Батсайхан Хүч спорт хорооны дасгалжуулагч Н.Баатарболд нар удирдана. Харин эмэгтэй тамирчдыг гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа дасгалжуулна.
Тус тэмцээнд манай улс хамгийн өндөр амжилтаа 2014 онд үзүүлж 1 алт, нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Мөн түүнээс өмнө ОУХМ Д.Төмөрхүлэг залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн бол Ц.Наранжаргал мөнгө, Б.Тэмүүлэн хүрэл медалийг хүртэж байв.
Залуучуудын ДАШТ-д оролцох Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн 55 кг-д Б.Амартүвшин (Женко), Э.Ариунболд (Жүдо Академи), 60 кг-д Ц.Цогтбаатар (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), Г.Баттулга (Ховд), 66 кг-д Н.Мөнхбаяр (Женко),73 кг-д Г.Балсанлүндэв (Хангарьд), 81 кг -д Б.Бат-Эрдэнэ (ОБЕГ-ын "Аврагч"), Д.Сандуйжав (Жүдо Академи), 90 кг-д Д.Цэрэнням (Хэнтий аймаг), - 100кг: Г.Болдням (Жүдо Академи) нар хүч үзнэ.
Эмэгтэй жүдочдоос 44 кг-д Г.Наранцэцэг (Женко), 48 кг-д Э.Гэрэлмаа (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), 52 кг-д П.Буянхишиг (Женко) , Б.Алтанцэцэг (Женко), 63 кг-д Б.Ганхайч (Спортын дунд сургууль), 70 кг-д Б.Хулан (Женко), +78 кг-д Г.Одонжаргал (Спортын дунд сургууль) нар хүчээ сорих бол багийн ахлагчаар Б.Мөнхболд, дасгалжуулагчаар Д.Батсайхан (Жүдо Академи, "Алдар" спорт хороо), Н.Баатарболд (Хүч), Ш.Цэвэлмаа (Женко) нар ажиллах юм.
Д.Өлзий