Өвөлжилт хүндэрсэн газруудад 17 мянган толгой мал бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-26 17:23:07

Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд энэ өвөл 193 суурьт 108 мянган толгой мал өвөлжиж байгаагийн 55 өрхийн 17 мянга гаруй нь өвөлжилт хүндэрсэн газруудад нутаглаж байна.

Тус суманд цасны зузаан 8-15 см, хунгарласан газартаа 25-30 см-т хүрчээ. Хэрлэн голын хойд талаар өвөлжилт нэлээд хүндэрсэн учир одоогоор 500 гаруй толгой үхрийг сумын урдахь багийн нутаг руу зөөгөөд байна. Өнгөрсөн хаврын түймэрт тус сумын 2-р багийн нутгийн нэлээд хэсэг шатсанаар энэ өвөл өвсний гарц тааруу байгаагаас гадна цас нимгэн газартаа айлууд шавж бууснаар бүр муудаж, мал тэжээлд орох, эсвэл бэлчээр хайхаас өөр аргагүй болжээ.

Одоогоор 8800 толгой мал тэжээлд оржээ. Сумын нөөцөд 85 тн өвс, 14 тн хивэг бэлтгэснийг оны эхнээс өвөлжилт хүндэрсэн айлуудад ихэнхийг нь олгоод байна. Өвс бэлчээрийн сорыг хайж отроор өвөлжиж байгаа айлууд сумын төвөөс хамгийн холдоо 50-иад км-т оторт гараад байгаа юм.

Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан Онцгой комиссын бүрэлдэхүүн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна.

Б.Туяа

Связанные новости