Агнуурын бүс нутгийг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-27 18:16:45

Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар агнуурын бүс нутгийг тогтоож, саналаа БОАЖЯ-нд хүргүүлжээ.

Тухайлбал, Баян-Уул сумын Хээр морьтын даваа, Дарьхантад буга, бор гөрөөс, зэрлэг гахай агнахыг зөвшөөрсөн бол бүх суманд зээр агнах 1-2 бүс нутгийг тодорхой зааж өгсөн гээд Дорнод аймгийн хэмжээнд агнуурын 25 бүс нутгийг тогтоосон байна. Сум бүр ан агнуур хариуцсан ААН, нөхөрлөлтэй болсноор зөвхөн ангын үнэмлэхтэй хүнээр ан хийлгэх, хяналт тавих, хулгайн анчдыг журамлах, агнуурын амьтдын тоо толгойг зохистой хэмжээнд барих, нөгөө талаар сумд менежментээ зөв хийж чадвал аялал жуулчлалыг ч давхар хөгжүүлж, гаднын орноос анчдыг татах боломж бүрдэж байгаа юм. Агнуурын бүсээс гадуур ан хийсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

2016 онд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас агнуурын амьтдын тооллого хийхэд зээр 700-гаад мянга, тарвага 1 мянга гаруй, зэрлэг гахай 981, саарал чоно 1344, бор туулай 8640 гэхчлэн 25 бүс нутагт 1,3 сая орчим ан амьтан бүртгэгджээ.  

Б.Туяа

Связанные новости