Өнөөдрөөс хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-02-01 14:36:11

УИХ-аас 12 дугаар сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг шинэчлэн баталж, хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр баталсан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль" өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Сүүлийн зургаан жилийн байдлаар 94 хүн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж, 4102 хүн их, бага хэмжээгээр гэмтсэн тоо байдаг. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тооноос гадна хаалттай хаалганы цаанах хүчирхийллийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан юм.

Энэ өдөр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль" хэд хэдэн онцлогтойг сануулчихья. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн зөвхөн албан ёсны баталгаатай амьдардаг эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хуулийн шийтгэл онооно. Гэр бүлийн хүчирхийллийн  удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршийн хүмүүст ч хариуцлага тооцохоор хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд, насанд хүрсэн гээд хүчирхийлэлд өртөж байгааг нь мэдсэн хувь хүн, байгууллага хэн ч байсан заавал мэдээлэх үүрэгтэй. Харин мэдээлэл өгсөн хүний нууцыг чандлан хадгалж, хамгаалах заалттай.

Хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох гурван төрлийн заалтыг бас онцольё.

Нэгд, хүчирхийлэл үйлдэх эрсдэлтэй байвал эсвэл амь нас, эрүүл мэндэд нь халдаагүй ч ямар нэг хэмжээгээр хүчирхийлдэг бол сэтгэлзүйн, нийгмийн ажлын, хүүхэд хамгааллын, хуулийнх гэсэн найман төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Хоёрт, хэргийн нөхцөл байдал арай хүндэрсэн, зөрчлийн хэмжээнд очсон бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчлах арга хэмжээ авна. Гуравт,  амь нас, эрүүл мэндэд нь заналхийлж байгаа бол гэмт хэрэг гэж үзэж, хариуцлага тооцохоор хуульд тусгажээ.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах зэрэг бүх зохицуулалтыг тодорхой болгож өгсөн юм. Ийм хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Ж.Батсайхан

Связанные новости