Хорт хавдраар жилд 3000 гаруй хүн амиа алдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-02-02 15:21:34

Монголд хорт хавдраар жил бүр 5000 гаруй хүн өвдөж, 3000 гаруй хүн амиа алдаж байна гэсэн эмгэнэлтэй мэдээ байна. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт хандаж байгаа нь хамгийн ноцтой асуудал хэмээн эмч нар ярьж байна.

Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд тохиодог “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан ХСҮТ-өөс хавдрын өвчлөлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Эл өдрийг Олон улсын хавдартай тэмцэх холбооноос 2016-2018 онд “Би чадна, бид чадна, та ч чадна” уриан дор тэмдэглэж байна.

2015 онд манай улсын 5777 хүн шинээр хорт хавдраар өвчилж, 3999 хүн амиа алдсан харамсалтай тоо гарсан нь өвчлөл, нас баралт нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь дийлэнх нь буюу хожуу, төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой хэмээн ХСҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалт мэдээллийн дэд захирал Л.Баярсайхан онцлов.

Тэрээр, “Хавдрын өвчлөл хожуу оношлогдох нь давамгайлсан хэвээр байна. Хавдрын эмчилгээ нь туяа, хими, мэс заслын гэсэн хөдөлмөр, хүч зарсан өндөр өртөгтэй эмчилгээ учир хожуу оношлогдож ирснээс эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Манай улсад эрэгтэй, эмэгтэй ялгаагүй элэгний хавдар түгээмэл, нийт хавдрын  40 орчим хувийг эзэлж байна. 2016 онд хавдрын улмаас нас баралтын нийт тохиолдлын 42.5 хувийг зөвхөн элэгний хавдар эзэлж байх жишээтэй. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш нийгмийн өргөн хүрээг хамарсан хүний өвчлөл, нас баралтад нөлөөлж буй бодит байдал болж байна. Үүнд шат дараалсан бодлого явуулж байгаа. Оношилгоо өндөр түвшинд хүрч, вирусын хавдрыг зохих түвшинд нь оношлох боломж бүрдсэн. Манай орны хувьд элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох үйл ажиллагааг стратегийн бодлогын хэмжээнд боловсруулан иргэдэд хүртээмжтэй зохион байгуулах үе шатандаа явж байна” гэв.

Монголчуудын өвдөж буй хорт хавдрын 61.5 хувийг элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар эзэлдэг. Өөрөөр хэлбэл хорт хавдраар өвдсөн иргэдийн талаас илүү хувь нь шалтгаан нь тодорхой, сэргийлэх боломжтой өвчнөөр өвдөж байна. Учир нь элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан нь цус, бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг элэгний В,С вирус, ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь ходоодны хеликобактер, умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг хүний хөхөнцөр вирусын халдварууд юм. Тиймээс таны өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ, найз нөхдөө, хамт олноо хамгаалах үндсэн арга нь хавдраас сэргийлэх үнэн, зөв мэдлэг, мэдээлэлтэй байх, эрүүл мэндэд халтай зан үйлүүдээсээ татгалзах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг тогтмол хийлгэж байх явдал.

Эрт илрүүлнэ гэдэг нь өвчин зовиур илэрсэн үедээ эмнэлэгт хандах биш харин огт өвдөөгүй, зовиур шаналгаагүй байсан ч тогтмол үзлэг, шинжилгээ хийлгэнэ гэсэн үг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости