Ашиглалтгүй байгаа бэлчээрт отроор өвөлжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-02 18:29:43

Дорнод аймгийн ихэнх суманд зудтай, цагаанаар зудархуу байгаа энэ үед цаашид цаг агаар хүндэрвэл аймаг дундын отрын бүс болон алслагдсан ашиглалтгүй байгаа бэлчээрт отроор өвөлжүүлэхээр төлөвлөж байна.

Дашбалбар сумын хувьд цагаанаар зудархуу, мал тарга тэвээргээ алдаад эхэлжээ. Тус сумын 1,2,3,5-р багт цаснаас дээшх ургамал муу байна. Нийт 400 гаруй малчин өрхийн 82 нь буюу 64 мянган мал оторлож байгаагаас 12 өрхийн 730 толгой мал зэргэлдээх Гурванзагал, Чулуунхороот суманд оторт гарчээ.

“Дорнод” гурил ХХК-иас 10 тн хивэг татан нөөцөлж 1 шуудайг нь 9500 төгрөгөөр худалдаалж байна. Одоогоор 64 толгой малын хорогдолтой гарсан гэж мэдээлэв. Харин аймгийн төвөөс 45 км-ийн зайтай Чойбалсан сумын Сүмбэр, Хулстай багийн нийт нутаг 14-23 см, Энгэршанд, Хөх нуур багийн нийт нутаг 7-19 см зузаан цастай байна.

Ирэх өдрүүдэд цас нэмж, хүйтний эрч чангарвал өвөлжилт хүндрэх нь. Тус сум 3712 тн өвс бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 110 тн өвс нөөцөлж, үйлдвэрийн тэжээл 15тн, үр тарианы хаягдал 5тн-ыг бэлтгээд байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй цас ахиу орсон нутагт  Сүмбэр, Хулстай, Энгэршанд багийн 112 өрхийн 40097 толгой мал өвөлжиж байгаа юм.

Б.Туяа

Связанные новости