Хятадын "Бүс ба Зам" санаачилга хямралаас гарах шинэ боломжийг Монголд олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /GlobalTimes/. Өрөө дарахад нь Засгийн газартаа туслахын тулд Монголын иргэд бэлэн мөнгө, алт, тэр ч байтугай адуу малаа хандивлаж байгаа нь тус улс эдийн засгийн хямралд орж, туйлдаад байгааг харууллаа гэсэн агуулга бүхий нийтлэлийг “Reuters” агентлаг гаргажээ. Харин ердөө 3.2 сая хүн амтай Монгол Улс дан ганц олон нийтийн хандиваар хямралыг даван гарч чадахгүй нь ойлгомжтой. БНХАУ Монголд тусламж санал болгох эсэх болон Хятадын “Бүс ба зам” санаачилга бүс нутгийн эдийн засгийг сэргээхэд ямар үүрэг гүйцэтгэх нь олны анхаарлыг татаж байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Монголын бүх салбарын өр 23.8 тэрбум доллар байв. Өөрөөр хэлбэл, тус улсын өр ДНБ-ий 210 хувьтай тэнцэж байлаа.
Тамирчдаа цалинжуулах, шагнах мөнгөгүй гэгдэж байсан Монгол Улс өрийн хямралаас холуур өнгөрнө гэдэг амаргүй. Хөршдөө хэрэгцээтэй зүйлсээр нь туслах, хямрал бүс нутгийн бусад улс орон руу тархахаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг БНХАУ гаргах хэрэгтэй.
Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ болон эрэлт буурсны улмаас эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чадвар 3 их наяд гаруй долларын гадаад валютын нөөцтэй БНХАУ-д бий.
Гадаад валютын нөөц маш бага байгаа нь Монголд яг одоо тулгамдаад буй гол асуудлуудын нэг юм. Тиймээс ашигт малтмалаар баялаг тус улс гадаад худалдааныхаа ашгийг нэмэгдүүлэхийн тулд экспортыг дэмжих арга хэмжээг авах хэрэгтэй.
Монголын эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт түшиглэсээр ирсэн. Хөдөө аж ахуйн салбарын түүхий эд болон ашигт малтмалыг боловсруулах үйлдвэр байгуулах нь Монголын хувьд шинэ сэдэв биш хэдий ч Хятадын “Бүс ба Зам” санаачилга нь Монголын эдийн засгийг хөгжүүлэх нэгэн шинэ боломжийг олгож байна. Энэхүү санаачилга нь бүс нутгийн улсууд, тэдгээрийн дотор Монголын дэд бүтцийг сайжруулах зорилготой бөгөөд мөнгөний гачаалд орсон тус улсад нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг авчирч магадгүй.
Монгол Улс үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бат бөх суурийг бий болгохын тулд аж үйлдвэрийн бүтцийг шинэчлэх боломжийг шүүрэн авах хэрэгтэй.
Хятад болон Монгол Улс “Бүс ба Зам” санаачилга болон бусад механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд зээлийн буцаан төлөлтийг ашигт малтмалаар хийх зэрэг гэрээ хэлэлцээрийн уян хатан нөхцлүүдийг бий болгох хэрэгтэй. Хэрвээ энэ санаачилга Монголд амжилттай хэрэгжвэл бусад улс орон энэ мэт арга хэмжээг үнэлэх нь эргэлзээгүй.
Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өсч байв. Байгалийн баялаг ихтэй энэ улсын хувьд эдийн засаг нь жил бүр ийм өндөр хувиар өсөх боломжтой. Гэхдээ тус улс хөрөнгө оруулагчдыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улс төрийн тогтвортой байдлыг хангах болон авлигыг бууруулах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй байна. 2017/02/05
http://www.globaltimes.cn/content/1031518.shtml
Г.Доржханд