Сэргэлэн сумын малчдад туслав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-10 18:26:43

Дорнод аймаг дахь Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ынхан өөрсдийн санаачлагаар өвөлжилт хүндрээд байгаа Сэргэлэн сумын малчдад тусламж үзүүллээ.

Малчдад туслах аяны хүрээнд 25кг-ийн Алтан тариан 1, 2-р гурил, гоймон, давс, сахар, лаа, шүдэнз, саван, гар чийдэн зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээс гадна малын тэжээл, хивэг, нэмнээ элгэвч гээд эд материалын зүйлсийг хандивласан юм.

Тус аймгийн хувьд өнөөдрийн байдлаар есөн сум зудтай байна. Сэргэлэн сум бусад сумыг бодвол зарим хэсгээрээ малын туурайн цастай байгаа ч нутгийн ихэнх бэлчээр өнгөрсөн хаврын түймэрт шатаж, өвсгүй болоод байгаа.

Сэргэлэн сумын 3, 4-р багийн нутаг дэвсгэрт цас зузаарч хунгарласан газартаа 30-40 см хүрчээ. Малчид өнөөдрийн байдлаар айл саахалтаараа нийлж, адуу малаа Яхь нуурын урд, Хөвөө дэрс хавиар оторлож байна. Өндөр настан, хүүхэд эмэгтэйчүүд нь өвөлжөөндөө тэжээвэр малаа авч үлдсэн гэж оторт яваа малчид ярьж байна. Өвлийг хорогдол багатай давж, хавартай золговол ирэх хавар 265 суурьт 50 мянган төл хүлээж авах юм. Төл хүлээж авах бэлтгэл ажил 90-ээд хувьтай хангагджээ.

Б.Туяа

Связанные новости