С.Батцэцэг нарын тамирчид залуу бөхчүүддээ боломж олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-02-14 11:53:34

Чөлөөт бөхийн холбоо 2017 оны шигшээ багийн тамирчдыг зарлахад С.Батцэцэг өөрийн хүсэлтээр нэрээ татаж авч шинэ залуу тамирчдад боломж олгов.

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалт болж шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын дөрвөн дасгалжуулагч, эрэгтэй шигшээ багт 12 тамирчин, харин эмэгтэй шигшээ багт 11 тамирчныг сонгон авчээ. Шигшээ багийг бүрдүүлэх үеэр Дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумьяа, Азийн АШТ-ий медальт Ш.Түмэнцэцэг нар залуу тамирчдыг дэмжих зорилгоор шигшээгийн үндсэн тамирчнаас нэрээ татаж, орон тооны бус шигшээд орох хүсэлтээ МЧБХ-нд гаргажээ. С.Батцэцэг гавьяат хэлэхдээ "Би шигшээд 20 нас хүрээгүй орох үедээ маш их урам авч байсан учраас энэ удаад дүү нартаа боломж олгоё" хэмээн үнэхээр аварга хүний буурь заасан байна.

С.Батцэцэг гавьяат өөрийн цахим хуудсандаа "Миний бие нь чөлөөт бөхийн спортоор 2006 оноос эхлэн хичээллэсэн. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдож байв. Үүнээс хойш баг хамт олон, Засгийн газар, салбарын яам, төрийн байгууллагууд, МЧБХ, ачит багш нар болон бөхөд хайртай монгол түмнийхээ дэмжлэгтэй олон сайхан амжилтад хүрсэндээ маш их баярладаг. Шигшээ багийн тамирчин болох тэр үед надад их урам зориг, үүнийг дагаад маш том хариуцлага ирж буйг ойлгож, өдөр бүр их хичээж бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болсон. Амжилтаа богино хугацаанд гаргаж одоогоор Дэлхийн хоёр алт, нэг мөнгө, олимпийн хүрэл, оюутны Универсиад наадмын алтан медалийг эх орондоо авч ирсэн амжилт гаргажээ. Энэ амжилтыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч, Төр засаг, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, МЧБХ, бөхөд дуртай олон түмэн, компани, хамт олон өндрөөр үнэлсэн, мөн тогтмол цалинжиж байна. 

Тийм болохоор би өнөөдөр миний оронд нэг тамирчин шигшээ багт ороод миний мэдэрсэн тэр сайхан мэдрэмжийг мэдрээд амжилт гаргаасай гэж хүсээд 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах, хурцлах зорилготой ийм шийдвэр гаргалаа. МЧБХ болон шигшээ багийн дасгалжуулагч багш нарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм огт биш. Бас би барилдахаа болих цаг болоогүй ээ. "Токио 2020" олимпийн наадмын шинэ цикл эхэлж байна. Миний хувьд бэлтгэлээ маш сайн нягт хийнэ. Албан бус шигшээ багт орж бэлтгэл цугларалтанд бүрэн хамарна. Цалин авахгүй л болохоос шигшээ багийн тамирчин хэвээрээ байгаа. Энэ санааг маань ОУХМ Э.Сумъяа, Ш.Түмэнцэцэг нар маань дэмжсэн.  Бид гурав жаахан хүүхдүүд барилдаж эхэлж байсан үеэ бодоод ийм шийдвэр гаргасан. Чадахаараа өөрсдийнхөө хэмжээнд хүмүүст тус болох хүсэлтэй энгийн тамирчныг муугаар бодож, бүү хардаасай” гэжээ.

Д.Өлзий 

Связанные новости