Баасан гарагт гэмт хэргийн гаралт огцом өсдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДӨнгөрсөн 14 хоногийн хугацаанд Дорнод аймгийн Цагдаагийн газарт нийт 281 дуудлага мэдээлэл ирсний дийлэнх нь баасан гарагт бүртгэгдсэн байх юм.
Тэр дундаа Хэрлэн сумын арван баг дотроос 6-р багт согтуугаар зөрчил гаргасан тохиолдол хамгийн өндөр байжээ. Бусад өдрүүдтэй харьцуулахад баасан гарагт баар, ресторанаар үйлчлүүлэгчдийн тоо эрс олширдог тул хэв журам, хөдөлгөөнт эргүүл, замын цагдаагийнхан хараа хяналтаа чангатан ажиллаж байна.
Дээр дурдсан хугацаанд ирсэн нийт дуудлага мэдээллийн 78 хувь нь захиргааны зөрчлийн шинжтэй байсан бол гэмт хэргийн шинжтэй 10 хувь, бусад төрлийн дуудлага 12 хувийг эзэлж байгаа юм. Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл дотор иргэний өмчийн хулгай зонхилж байна гэж тус аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Харин захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэлд жижгээр танхайрсан хэрэг зонхилж байна.
Баасан гарагт гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлт харагдаж байгаа ч өмнөх сартай харьцуулахад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 37 хувиар буурсан үзүүлэлттэй явна.
Б.Туяа