Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийг концессоор гүйцэтгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-20 13:04:42

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийг концессоор  гүйцэтгүүлэхээр болсон гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, "Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх талаар Засгийн газрын 245 дугаар тогтоол гарсан. Төрийн үйлчилгээний  цахим систем гэдэг нь төрийн үйлчилгээг цахимаар хүргэх төсөл юм. Энэ арга хэмжээг гүйцэтгүүлэхдээ төсвөөс мөнгө гаргалгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхээр болж, судалгаа хийхийг Хөрөнгө оруулалтын газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт үүрэг өгсөн. Энэ дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх байгууллагаас танилцуулга хийлээ. 

Төрийн үйлчилгээний цахим системийг хэрхэн бий болгох вэ гэхээр мэдээллийн өгөгдлийн санг цахимжуулна. E-zasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, мэдээллийн чанарыг сайжруулах, цаг хугацаа хэмнэх зорилгыг агуулж буй. 

Өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээний ТҮЦ машиныг ажиллуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 42 үйлчилгээний 17 нь ТҮЦ машинаар, 25 нь төрийн үйлчилгээний цахим систем буюу E-zasag.mn сайтаар дамжуулах боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд 1.3 сая иргэн энэ системд хандаж үйлчилгээг авсан байна. Үүнээс улсын төсөвт 2015 оны эхний хагаст 37 сая төгрөг төвлөрчээ.

Энэ концессийн хэлбэр нь бусдаасаа өвөрмөц шинэлэг. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний мэдээллийн өгөгдлийг цахимжуулах ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ.  Хувийн хэвшлийнхэн гаргасан хөрөнгийг төрийн үйлчилгээний цахим системд хандаж, иргэдээс оруулж байгаа орлогоос гарсан зардлаа нөхсний дараагаар төрд шилжүүлнэ. Иймээс улсын төсвөөс мөнгө гарахгүй, иргэд төрийн үйлчилгээг найдвартай хангах бололцоотой.

Нийтдээ 37 байгууллагын 170 гаруй үйлчилгээг цахимаар хүргэх зорилт тавьж байна. Одоогийн байдлаар 40 орчим үйлчилгээ иргэдэд хүрсэн. Лавлагаа мэдээлэл авах, тодорхой хэмжээгээр зөвшөөрөл авах зэрэг үлдсэн 100 гаруй үйлчилгээг хүргэнэ. Энэ бүх мэдээлэл цахимжвал Монголд цахим засаглал хэрэгжихэд дөхөм болно. Концессийн төрөл зүйлд цахим засаглалыг хөгжүүлэх концессийн заалт орж байна. Концессийн шууд гэрээ байгуулах болон уралдаант шалгаруулалтыг хуульзүйн дагуу шийдвэрлэхийг Аж үйлдвэрийн сайд болон Хөрөнгө оруулалтын газарт даалгасан шийдвэр гаргалаа" хэмээн мэдээлэв. 

 

 

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Связанные новости