ДЭМБ: Бохир орчны улмаас жилд 1.7 сая хүүхэд нас барж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /Reuters/. Дэлхийн таваас доош насны хүүхдүүдийн нас баралтын тохиолдлуудын дөрөвний нэг нь бохир ус, агаар, утаа, ариун цэврийн таагүй нөхцөл байдалтай холбоотой тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас өнөөдөр мэдээллээ.
Бохир орчин нь суулгалт, хумхаа өвчин, сүрьеэ гэх мэт үхлийн аюултай өвчнүүдийг бий болгосны улмаас жилд 1.7 сая хүүхэд нас барж байна.
“Бохир орчин нь хүүхдүүдэд үхлийн аюул тарьдаг. Тэдний бойжиж байгаа эрхтнүүд болон дархлааны тогтолцоо, бяцхан бие болон амьсгалын зам нь бохир агаар, усанд онцгой эмзэг болдог” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан ярьж байна.
Тус байгууллагаас гаргасан “Тогтвортой дэлхийг өвлүүлэх нь: Хүүхдийн эрүүл мэнд ба орчны атлас” тайланд “Эхийн хэвлийд байхад нь хордолтын үйл явц эхлэх магадлалтай бөгөөд нярай болон хөлд орж буй хүүхдүүд агаарын бохирдол болон утаанд өртөх өндөр магадлалтай байдаг. Энэ нь сүрьеэ, багтраа зэрэг амьсгалын замын архаг өвчнөөр насан туршдаа өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг” гэсэн байна.
Агаарын бохирдол нь зүрхний өвчин, цус харвалт, хорт хавдар гэх мэт өвчин тусах эрсдэлийг насан туршид нь нэмэгдүүлж байгааг мөн тайланд онцолжээ. Түүнчлэн цэвэр усны хангамжгүй айл өрхүүдийн хүүхдүүд болон хоол хийх, гэрээ халаахад хэрэглэж буй нүүрс, аргал зэргээс ялгарсан утаатай орчинд амьдарч буй хүүхдүүд суулгалт болон сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр байна.
Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Олон нийтийн эрүүл мэндийн шинжээч Мариа Нэйра хэлэхдээ "дээрх тоо бол маш аюултай тоо юм" гэж хэлээд хүүхдүүдийг аюулгүй орчинд байлгахад чиглэсэн арга хэмжээ авч байхыг бүх улс орнуудын засгийн газарт уриалсан байна.
Х.Сарнай