Даян дээрхийн хүрээнд шинийн 15 хүртэл ном хурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-08 21:03:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг. Агуйн аманд Даян дээрхийн хүрээ байдаг бөгөөд лам нар жил бүр  уул, ус, хангай дэлхийдээ зориулан ном хурдаг байна.  Энэ жилийн хувьд Улаанбаатар хотоос Шашны их сургуулийн багш Т.Санжид тэргүүтэй 8 шинийн 7-оос эхлэн ном хурж байгаа бөгөөд шинийн 15 хүртэл хурах аж.

Даян дэрхийн агуйг сар шинийн 15-ны дотор  зорин ирж Даян дээрхийн  авралд багтсан хэн бүхэн гурван жилдээ барцад, нүгэлээ гөвж, ивээлд нь оршдог гэж бэлэгшээдэг учраас Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган, Архангай гээд монгол орны өнцөг булан бүрээс олон иргэд зорин ирдэг болжээ.

Даян дээрх агуйн тухай домог өгүүлвээс:

Эрт урьд цагт эзэн Чингис хаан аян дайнд явж ирээд их найр хийж гэнэ. Тэр найранд их хөвчөөр нутагтай, Даян дээрх нэртэй баатар эр оролцож, эзэн хааны бага хатны үзэсгэлэнтэй сайхныг нь бишрэн харж байгаад, найр наадам хэвийх үед бага хатныг нь аван зугатжээ. Хаан наадам дээрээс бага хатныг нь аван зугатсаныг мэдээд араас нь хөөжээ. Ой хөвчөөр дамжин зугтаж, гүйцэгдэхийн үед хатныг нэгэн агуйд нууж, Даян дээрх өөрөө эгэлгүй нэгэн шидтэн байсан тул агуйн үүдэнд улаан чулуу болон хувирчээ.
Чингис хаан гүйцэж очоод, уурандаа тэрхүү улаан чулууг цавчсан боловч сэлэмний ир нь хальтарч далиу цавчигдсан гэнэ.
Даян дээрх олон жилийн туршид уг агуйдаа булаан авсан бүсгүйн хамт амьдарч, тэр хавийн уул, ус, нутаг орны эзэн болсон гэнэ. Ийм учраас тэр онгон дагшин нутагт амьдардаг бүхий л хүн мал элбэг дэлбэг, тэнүүн сайхан амьдарсаар ирсэн ба нутгийн иргэд дээрх чулуун, агуйг Даян дээрхийн нэрээр нэрлэж, тахин шүтсээр ирсэн  гэж өгүүлдэг ажээ.

Б.Гантуяа
         .

Связанные новости