Засгийн газарт 205 га ойн зурвас, загжуулсан 110 га талбай хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/.“Монгол Солонгосын ногоон хэрэм” төслөөс Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байгуулсан 205 га ойн зурвас, загжуулсан 110 га талбайг өнөөдөр Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө.
Монгол улс, БНСУ-ын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор “Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний үе шат арван жил үргэлжилжээ. Монгол улсын Засгийн газар хүлээн авсан талбайг орон нутагт хүлээлгэн өгөх бөгөөд цаашид Ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд, байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагууд, иргэд хариуцан ажиллах аж. Төслийн хоёрдугаар шатанд 2017-2022 онд Улаанбаатар хотын 50 га талбайд ой байгуулахаар төлөвлөж байгааг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг онцлов.
Төслийг хэрэгжүүлснээр цөлжилтөөс сэргийлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлж байгааг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэллээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр