Бостоны марафонд оролцсон анхны эмэгтэй тамирчин 50 жилийн дараа дахин гүйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-04-19 13:41:26
БОСТОН. /AP/.  Кэтрин Свицер нь Бостоны марафоны анхны эмэгтэй оролцогч байсан бөгөөд 50 жилийн дараа 70 насандаа анх гүйхдээ зүүж байсан 261 гэсэн дугаартайгаа дахин гүйжээ.
 
Хатагтай Свицер тамирчны замналынхаа хугацаанд нийтдээ 40 марафон болон бусад гүйлтийн тэмцээнүүдэд оролцжээ. Тэр дундаа Бостоны марафонд 9 удаа оролцож, Нью-Йоркийн марафонд нэг удаа түрүүлсэн байна.

1967 онд болсон марафонд хатагтай Свицер нэрийнхээ зөвхөн эхний үсгээр бүртгүүлэн оролцож байсан бөгөөд марафонд гүйж байх үед нь зохион байгуулагчдын нэг болох Жок Сэмпл түүний нуруун дээрх дугаарыг нь хуулан авч тэмцээнээс гаргахыг оролдож байгааг харуулсан гэрэл зургууд түүний тамирчин болсон түүхийг эргэн сануулна. 

Даваа гарагт болсон Бостоны уралдааны замыг Кэтрин Свицер 4 цаг 44 минут 31 секундэд туулсан бөгөөд 50 жилийн өмнө тэрбээр уг марафоны замыг туулахдаа нүүрний будгаа урсган байж барианд орж ирж байжээ. Тухайн үед марафон гүйлт бол эмэгтэйчүүдийн хувьд хэтэрхий хүнд спорт гэсэн ойлголт нийгэмд зонхилж, эмэгтэй хүн ийм хол замыг туулж чадна гэдэгт итгэдэггүй байжээ. 
 
Энэ удаагийн Бостоны марафонд нийтдээ 12300 эмэгтэй тамирчин оролцсон байна.
 
Хатагтай Свицер фейсбүүк хуудсандаа  "бид энд эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчлөхийн тулд тэдний дуу хоолой болохоор ирсэн. Яг л 50 жилийн өмнөх шиг. Одоо та бүхэн ирэх 50 жилийн хугацаанд юу өөрчлөгдөхийг төсөөлөөд үз дээ" гэж бичжээ. 

Х.Сарнай

 


Связанные новости