Улаан буудайг 100 хувь уриншид тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-28 08:53:47
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ жилийн тариалалтанд зориулж 43.089 га-д уринш бэлтгэсэн бөгөөд улаан буудайн үрийг энэ талбайд суулгана.
Тахиа жилийн тариалалтад бэлтгэсэн уринш өмнөх оныхоос 7.758 га-аар илүү нэмэгдэж, нийт уриншийн 37.947 га-г буюу 85,6 хувийг химийн болон хавах хосолсон боловсруулалтаар гүйцэтгэж, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, бууруулах чухал арга хэмжээ болсон гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар дүгнэж байна.
-Өнгөрсөн жилийн бэлтгэсэн уриншийн 80 хувь нь “онц сайн” үнэлгээтэй байлаа. Нэгэнт хөрөнгө зарж үржил шимийг нь нэмэгдүүлсэн газартаа үр тариа бүрэн тариалахаар зорьж байна гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр ярьлаа.
Тариалангийн зориулалттай мөртлөө ашиглалтгүй байсан атаршсан талбайгаас Рашаант суманд 4569, Могод суманд 300, Бүрэгхангай суманд 100, Бугат суманд 441 га нийт 5410 га талбайг шинээр эргэлтэнд оруулж, газрын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүсэн байна.
Энэ жил аймгийн хэмжээгээр 42850га-д уринш бэлтгэх бэлтгэхээр зорьж  байгаа юм. 
М.Батжаргал
Связанные новости