Цэцэг өвчний вакцин хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт зарим сумын хонин сүрэг, хурганд цэцэг өвчний вакцин хийхээр боллоо. Хил залгаа аймгийн зарим суманд хонины цэцэг өвчин гарсан тул ийм арга хэмжээ авч эхэллээ. Гурванбулаг, Могод, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумын хурга, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон, Сайхан, Булган, Хангал сумын бүх хонь, хурганд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг ирэх сарын 01-нээс эхлэн тарихаар бэлтгэлээ хангаад байна.
-Өнгөрсөн өвөл цэцэг өвчин дэгдсэн сумын хонинд вакцин хийсэн учраас энэ жилийн төл малд нь тарина. Харин эдгээр сумын болон зэргэлдээ аймгийн цэцэг өвчний голомттой сумтай ойролцоо буюу зам харилцаа дайран өнгөрдөг сумын бүх хонь, хурганд вакцин хийнэ. Уг өвчний хамгаалалтын зурвас тогтоох зорилгоор зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд сумын мал эмнэлэг, үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн нэгжийн мэргэжилтнүүд оролцоно. Нийтдээ 636,0 мянган толгой малыг вакцинжуулна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга Л.Цэнгэлмаа ярьлаа.
Энэ жилийн шинэ төлийг 3 сар болж хөрвөжсөний дараа цэцэг өвчний вакцин хийх учраас бог малын төллөлтийг дуусгаж, 6-р сард хурга тарих арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.
Энэ жилийн шинэ төлийг 3 сар болж хөрвөжсөний дараа цэцэг өвчний вакцин хийх учраас бог малын төллөлтийг дуусгаж, 6-р сард хурга тарих арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.
М.Батжаргал