Мал төллөлт оройтсон ч төл хэнздэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-28 10:13:04
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 921,1 мянган мал буюу нийт хээлтэгч малын 58,5 хувь төллөж, төлийн 96,8 хувь нь бойжиж байна.
-Малчид бичин жилийн өвлийг хахир хатуу байж магадгүй гэж малын хээлтүүлгийн хугацааг өмнөх жилүүдээс ялимгүй хойшлуулсан тал бий. Тиймээс энэ жилийн мал төллөлт оройтож байгаа. Тэгэхдээ төл хэнздэхгүй. Өмнө бүсийн суманд зуншлага тааруу байснаас тарга хүч муу авсан гүү, ямаа хээл их хаясан гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн дарга М.Жавзандолгор ярьлаа.
Хаврын дунд сар гарсаар хавсарга тавьж, бэлчээр хуурайшин төл мал сэнсэрч, мал сайн тэврэхгүй байна. Зарим нутгаар шөнөдөө хүйтэн хонож байгаагаас газрын гарц тааруу байна гэж малчид ярьж байна.
Одоогоор тус аймгийн хэмжээнд 33249 толгой мал, 17998 төл хорогдсон мэдээ байна.
М.Батжаргал
Связанные новости