Хятадад үйлдвэрлэсэн том оврын нисэх онгоц анхны нислэгээ үйлдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ШАНХАЙ./ВВС/. Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн анхны том оврын нисэх онгоц өнөөдөр анхны нислэгээ амжилттай үйлдлээ. Энэ нь нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” болон “Airbus” компаниудын хувьд томоохон өрсөлдөөн бий болгож байна.
“C919 “ загварын шинэ нисэх онгоц 90 орчим минут нислэг үйлдсэнийхээ дараа Шанхай хотын “Пудун” нисэх онгоцны буудалд аюулгүй газарджээ.
Энэ нисэх онгоц бол дэлхийн агаарын тээврийн зах зээлд нэвтрэх гэсэн Бээжингийн эрмэлзлийн гол илрэл юм.
Хятадын төрийн өмчийн “Comac” компани энэ онгоцыг зохион бүтээсэн бөгөөд 2008 оноос хойш анхны нислэгийг үйлдэхээр төлөвлөж байсан ч удаа дараа төлөвлөгөөгөө хойшлуулж байсан билээ.
Өнөөдөр анхны нислэгийг үйлдэхэд онгоцонд зөвхөн таван нисгэгч болон инженер сууж явсан байна.
Тэднийг агаарын тээврийн салбарын албаны хүмүүс, “Comac” компанийн ажилтнууд болон хэдэн мянган хүн үдэн гаргаж өгчээ.

Онгоцыг хөөрөхөөс өмнө тус улсын төрийн өмчийн телевиз “өнөөдрийн хувьд “C919” онгоц ердийнхөөс нам доогуур буюу 3000-7000 м-ийн өндөрт, 300 км/ц-ийн хурдтайгаар ниснэ” гэж мэдээлжээ.
“C919” онгоцыг “Boeing 737” болон “Airbus A320” онгоцуудтай өрсөлдөхөөр түвшинд зохион бүтээжээ.
Ирэх 20 жилийн хугацаанд дэлхийн агаарын тээврийн зах зээл 2 их наяд доллароор хэмжигдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд тооцоолж байна.
“C919” бол 168 хүртэлх тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хоёр хөдөлгүүрт онгоц бөгөөд буулгүйгээр 4075-5555 км зам туулж чадна.
Энэ онгоц нь 50 сая орчим долларын үнэтэй. Өөрөөр хэлбэл, “Boeing 737” болон “Airbus A320”-оос 50 гаруй хувиар хямд гэсэн үг.
Одоогоор “Comac” компани “C919” онгоцны 500 гаруй захиалга аваад байгаа аж. Захиалагчдын ихэнх нь Хятадын иргэний агаарын тээврийн компаниуд юм. Гол захиалагч нь “China Eastern Airlines” компани ажээ.
Г.Доржханд