Том солир дэлхийн хажуугаар өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 18 /new-science/. Аюултайд тооцогдож байсан том хэмжээний солир есдүгээр сарын 18-ны пүрэв гарагт буюу өнөөдөр Дэлхийн хажуугаар өнгөрнө гэж Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) шинжээчид мэдээлж байв.
"2025 FA22" гэх нэртэй уг сансрын биет 130-290 метрийн голчтой бөгөөд Дэлхийн хажуугаар Дэлхийгээс Сар хүртэлх зайнаас хоёр дахин холуур зөрж өнгөрсөн байна.
“2025 FA22”-ыг энэ оны гуравдугаар сард “Pan-STARRS 2” сансрын дуран авайгаар хийсэн ажиглалтын явцад илрүүлжээ. Түүний тойрог замд хийсэн анхны тооцооллоор 2089 оны орчимд Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай байгааг харуулсан тул ЕКА “манай гарагт аюул учруулж болзошгүй биетүүдийн жагсаалтад” бүртгэсэн байна. Харин дараа дараагийн өндөр нарийвчлалтай ажиглалтуудын дүнд астероидын нислэгийн чиглэлийг нарийвчлан тодорхойлж, мөргөлдөх эрсдэлийг бүрэн үгүйсгэснээр тавдугаар сард уг жагсаалтаас хасжээ.
Олон улсын солирын сэрэмжлүүлгийн сүлжээнээс (IAWN) уг биетийг ажигласан байна. Гараг дэлхийгээ хамгаалах дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааны механизмыг турших, Дэлхийтэй ойрхон өнгөрөх том хэмжээний астероидын тойрог зам, физик шинж чанарыг нь хэмжих, мөн энэхүү кампанит ажилд оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог зохицуулах зорилгоор уг ажлыг зохион байгуулсан байна.
Дэлхийд ойртон хажуугаар нь өнгөрөх үеэр одон орончид солирын хөдөлгөөн, гэрэлтэх байдал, байрлалыг нь судалсан байна. Ялангуяа альбедо буюу гадаргуу нь гэрлийг хэрхэн ойлгож буйг судалж, бүтцийг нь тодорхойлоход чухал мэдээллийг авчээ. Үүний тулд эрдэмтэд сансрын биетүүдийн гадаргуугаар сарнисан нарны гэрлийн туйлшралыг ажиглах астероидын туйлшралын аргыг ашигласан байна. Ажиглалт хийснээр астероидууд Дэлхийд ойртох үед шинж байдал нь хэрхэн өөрчлөгдөж буйг тодорхойлох чухал мэдээллүүдийг цуглуулжээ.