“Абрахам Линкольн” хөлөг онгоцыг их засварын дараа туршиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-05-10 16:58:54
ВАШИНГТОН. /TASS/. Мягмар гарагт Америкийн нисэх онгоц тээгч Abraham Lincoln хөлөг онгоцыг их засвар, шинэчлэлийн дараа хийдэг явах эд ангийн туршилтад оруулсан тухай тус улсын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн алба мэдээллээ.

Туршилтыг Атлантын далайд Виржиниа муж улсын эрэгт дөрөв хоногийн хугацаанд явуулах ажээ. 2013 оны 3 дугаар сараас хойш хийж буй их засвар, их шинэчлэлийн ажил дууссанаар 5 дугаар үеийн  F-35С сөнөөгч-бөмбөгдөгч онгоцуудыг тус хөлөг онгоцны тавцан дээр байрлуулах боломжтой болж байгаа юм. F-35С онгоц нь радарт үл баригдах “стелс” технологиор тоноглогдсон ба цөмийн цэнэг тээх чадвартай ажээ. 

Nimitz ангиллын  Abraham Lincoln хөлөг онгоц нь их засварт орсон тавдахь хөлөг онгоц болж байгаа юм. 1989 онд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд хүлээлгэн өгсөн энэ хөлгийг ашиглах хугацаа нь 50 жил бөгөөд их засварын дараах ирэх 25 жилд ямар нэгэн засвар үйлчилгээ хийх шаардлагагүй ажээ. Энэ хөлөг онгоц нь 90 нисэх онгоц, нисдэг тэргийг тээх хүчин чадалтай ба Nimitz ангиллын хөлөг онгоцууд нь дэлхийд хамгийн томд тооцогддог. Эдгээр хөлгүүдийн дараагийн үе болох Gerald Ford ангиллын нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудын эхнийхийг энэ онд усанд тавихаар төлөвлөж байна.
Х.Сарнай


Связанные новости