Р.Надаль Мадридын нээлттэй тэмцээнд 5 дахь удаагаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-05-15 10:05:09
МАДРИД. /BBC/. Испанийн теннисчин Рафаэль Надаль 7:6 /10:8/, 6:4 харьцаагаар Австрийн тамирчин Доминик Тимийг буулган авснаар Мадридын нээлттэй тэмцээнд тав дахь удаагаа түрүүллээ. Ингэснээр тэрбээр дэлхийн шилдэг теннисчдийн дотор 4 дүгээрт эрэмблэгдэх болжээ.

Р.Надаль Барселоны нээлттэй тэмцээн, Монте Карлогийн мастеруудын тэмцээнүүдийн дараа дахин нэг тэмцээнд аваргалсан нь энэ юм.

Р.Надаль нэг цаг 18 минут үргэлжилсэн хурц ширүүн өрсөлдөөнтэй эхний үеийн тай-брейкт дэлхийд чансаагаараа 7 дугаарт бичигддэг Д.Тим-ээс илүү гэдгээ харуулж, улмаар тоглолтын 2 дахь үед түүнийг буулган авчээ.

Даваа гарагт гаргасан шинэчилсэн чансаагаар Р.Надаль Их дуулгын 18 удаагийн аварга Рожер Федерерийн оронд дэлхийд 4 дүгээрт бичигдэж эхэллээ. Энэ нь Надалийн хувьд ирэх 5 дугаар сарын 22-нд болох Францын нээлттэй тэмцээнд чансаа өндөр тамирчидтай шууд тоглоно гэсэн үг юм.

Хагас шигшээ тоглолтод тэрбээр Сербийн Новак Жоковичийг ялсан байна.
 
Р.Надаль хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сард дэлхийн шилдэг дөрвөлийн эгнээнд багтсан бөгөөд өнгөрсөн онд бугуйндаа гэмтэл авсны улмаас Францын нээлттэй тэмцээн болон Уимблдоны тэмцээнийг орхихоос аргагүйд хүрч байв.
Х.Сарнай 




 
Связанные новости