2020 оны Олимпын бамбарыг нисдэг автомашинаар асаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-05-15 15:45:03
ТОКИО. /Nikkei/.  “Toyota” компани нисдэг автомашин зохион бүтээх Cartivator төсөлд зориулан 40 сая иен  буюу 274 мянган фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийжээ.  
 
30 орчим сайн дурын эрдэмтдээс бүрдсэн төслийн баг Skydrive гэдэг нэртэй нисдэг автомашиныг 2020 он гэхэд олон нийтэд танилцуулж, улмаар 2050 он гэхэд байнгын хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьжээ.     
 
Эхний загваруудыг 2020 оны Токиогийн Зуны Олимпын наадмын бамбарыг асаахад ашиглана гэж төслийн багийнхан тооцоолж байгаа бөгөөд 2018 оны эцсээр жолоочтой нислэг хийж туршихаар төлөвлөөд байна.
 
Skydrive гэдэг нэртэй нисдэг автомашин нь цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан, маш бага дуу чимээ гаргадаг байх юм.  
 
Нисдэг автомашин нь 2,9 м урт, 1,3 м өргөн, 1,1 м өндөр бөгөөд газраас 10 м өндөрт хөөрдөг, нисэх үедээ 100 км/цаг, газар дээр 150 км/цаг хурдлах ажээ.

Skydrive нь гурван дугуй, дөрвөн сэнстэй байх дэлхий дээрх  хамгийн авсаархан нисдэг машин бөгөөд ердийн авто замаар явж чадах явах гэнэ.
 
АНУ, Хятад, Герман болон Нидерландын автомашин үйлдвэрлэгч компаниуд нисдэг автомашин зохион бүтээх асуудлыг ихэд сонирхож байгаа юм.
 
“Skype” компанийг үндэслэгч Никлас Зеннштремийн дэмжлэгтэйгээр Мюнхен хотод төвтэй Lilium групп 4 дүгээр сард таван хүний суудалтай нисдэг таксиг амжилттай туршжээ. Уг нисдэг такси цагт 186 бээр хүртэл хурдалж чадах ажээ.  
 
Х.Сарнай 
Связанные новости