Ширээний теннисний ДАШТ эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-05-30 11:13:57
МОСКВА./TASS/. Ширэээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ өнөөдөр Герман улсын Дюссельдорф хотод эхэлж байна.

Тэмцээнд дэлхийн 108 улсын 600 тамирчин оролцох юм. “Messe Dusseldorf” цэнгэлдэх хүрээлэнд болох уг тэмцээнийг зохион байгуулахад 7 сая евро зарцуулах ажээ.

Энэ удаагийн ДАШТ-ий тэргүүн байрын төлөө өрсөлдөх тамирчид бол Хятадын ширээний теннисчид юм. Тэд 2015 онд эх орондоо болсон ДАШТ-ий бүх төрөлд аваргалсан билээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ма Лун, Жан Зике, Сю Синь, Фань Жэньдун нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдээс Олон улсын ширээний теннисний холбооны /ITTF/ чансааны эхний гуравт бичигдэж буй Дин Нин, Лю Шивэнь, Жу Юйлин нар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр байна.

2015 онд Хятадын Сүжоү хотод болсон ДАШТ-нд Оросын тамирчдаас Шибаев, Мария Долгих нар ганцаарчилсан төрөлд 1/16-т шалгарсан нь хамгийн сайн амжилт байлаа.

Дюссельдорфын ДАШТ-ий өмнөхөн Олон улсын ширээний теннисний холбоо дүрэм журмандаа хэд хэдэн өөрчлөлт оруулсан нь спортын энэ төрлийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тус холбооны тэргүүн Томас Вайкерт үзэж байна. Тухайлбал, энэ удаагийн ДАШТ-нд оролцогчид хар өнгийн ширээн дээр тоглох юм. Түүнээс гадна, өөр өөр орны теннисчид хослон тоглох боломжтой болжээ. 

ДАШТ-ий шувтаргын шатны тоглолтууд 6 дугаар сарын 5-нд болно.
Х.Сарнай
Связанные новости