Хятадын бүх тамирчдыг хамруулан сэргээшийн шинжилгээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН./TASS/. Хятадын Үндэсний Олимпын хороо /ҮОХ/ таван төрөлтийн тамирчин Жэн Зян сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчин, тэмцээнд оролцох эрхээ хасуулсантай холбоотойгоор бүх тамирчдад сэргээшийн нарийвчилсан шинжилгээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Chinadaily сонинд мэдээлсэн байна.
Үүнээс өмнө Хятадын Орчин үеийн таван төрөлтийн холбоо 2016 оны Олимпын тоглолтын үеэр сэргээшийн шинжилгээний дүн нь эерэг гарсан Хятадын эмэгтэй тамирчны тэмцээнд оролцох эрхийг хассан Спортын арбитрын шүүхийн /CAS/ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн юм.
Тус шүүхээс Рио-де-Жанейрогийн Олимпод дөрөвдүгээр байр эзэлсэн Жэн Зяны амжилтыг хүчингүй болгосон юм. Гэхдээ түүнээс авсан сорьцонд ямар бодис илэрснийг мэдээлээгүй аж.
“Манай улсын тамирчин Жэн Зяны биеэс сэргээш илэрсэн энэ хэрэг нь бидэнд томоохон сургамж болж байна. Үүнд холбогдсон этгээдийг шийтгэх болно” хэмээн Хятадын Үндэсний Олимпын хорооны мэдэгдэлд дурджээ.
О.Барс