Алдарт теннисчин Винус Уильямс хүний аминд хүрсэн осол гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-06-30 10:45:28
ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн талбайн теннисний од тамирчин Винус Уильямс 78 настай өвгөний аминд хүрсэн зам тээврийн осол гаргажээ.

Их дуулгын аварга Винус Уильямсын нэр холбогдсон зам тээврийн ослыг мөрдөн шалгаж байна гэж Флорида муж улсын Палм-Бич хотын Цагдаагийн газар өнөөдөр мэдэгдлээ.

Осол 6 дугаар сарын 9-нд болжээ. 78 настай өвгөн энэ ослын үеэр авсан гэмтэл бэртлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хоёр долоо хоногийн дараа нас барсан байна.

В.Уильямс буруутай гэж цагдаа нар үзэж байгаа бол түүний өмгөөлөгч нь “энэ бол осол байсан” гэж мэдэгджээ.

Нас барсан Жером Барсон нь осол болох үед эхнэрийнхээ хамт автомашинтайгаа уулзвараар гарах гэж байжээ.

Нүдээр харсан гэрчүүд цагдаад мэдүүлэг өгөхдөө “В.Уильямс тухайн үед маш хурдтайгаар зам руу орж ирсэн. Зам түгжрэлтэй байсан учир уулзварыг чөлөөлөх боломжгүй байсан” гэж ярьжээ.

Харин өдгөө 37 настай, Их дуулгын долоон удаагийн аварга В.Уильямс мэдүүлэг өгөхдөө “би тэдний машиныг хараагүй. Би хурд хэтрүүлээгүй, удаан явж байсан” гэжээ.

Тэрбээр ирэх долоо хоногт Лондон хотноо 20 дахь Уимблдоны тэмцээндээ оролцох гэж байгаа юм.

Алдарт теннисчин Серена Уильямс бол түүний төрсөн эгч билээ. Эгч дүү Уильямс сүүлийн 20 жилийн турш дэлхийн эмэгтэйчүүдийн талбайн теннист ноёрхож байгаа юм.

Г.Доржханд



 
Связанные новости